Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа боллоо. “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын багийн ахлагч, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд тархсан цар тахлыг үл харгалзан “Аравт” морин цэргийн уралдаан болон “Цэргийн ралли” тэмцээнийг ОХУ-ын Тува Улсад амжилттай зохион байгуулж буйд бид бүхэн туйлын баяртай байна.
Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд морь гэдэг амьтан нь хэн бүхний дархлагдсан үнэнч нөхөр байсаар ирсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед ч морьт цэргүүд байлдааны талбарт олон төрлийн үүргийг амжилттай гүйцэтгэж байсан агуу түүхтэй” гэдгийг онцолжээ. Мөн энэ үеэр “Аравт” морин цэргийн уралдааны гарааны сугалааг сугалсан ба “Аравт”-ын салхийг Казахстан улсын баг тамирчид 2 дахь удаагаа хагалахаар болсон байна.
Тодруулбал, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдсан ба тухайн үед нэгдүгээр сугалааг Казахстан улсын баг тамирчид сугалснаар тэрхүү тэмцээний салхийг нь хагалж байсан удаатай.Ийнхүү “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан энэ сарын 23-ны өдөр эхэлж буй бөгөөд энэ удаагийн уралдаанд Монгол Улс, Оросын Холбооны Улс, Казахстан болон Узбекистан Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцож байна.
Сугалааны дагуу 8 дугаар сарын 23-ны өдөр Казахстан, Узбекстан, 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, ОХУ-ын баг тамирчид 110 км-ийн алсын зайн маршид таван төрлийн даалгаврыг гүйцэтгэж барианд орох ажээ. Энэхүү алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилдэг онцлогтой. Энэ удаагийн “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өнөөдөр өглөө буюу гараанаас гарсан тухай мэдээг хошууч З.Бат-Оргил ирүүллээ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР