Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2021.08.17) “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохооор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Тамгын газрын удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолд 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсанаас 12 хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталсан, ирэх намрын чуулганаар нэн яаралтай батлах шаардлагатай хэд хэдэн чухал хуулийн төсөл хүлээгдэж байгаа тул бэлтгэл ажлын явц болон бусад асуудлыг хэлэлцэхээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тус тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн юм. Нийт 31 хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон бөгөөд үүнээс 2021 оны наймдугаар сарын байдлаар Улсын Их Хурал 12 хуулийг хэлэлцэн баталсан, хэлэлцүүлгийн шатанд 4 хуулийн төсөл байна. Үүнд, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай хуулийн төслүүдийн нэг юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн шатанд байна гэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, судалгаа танилцуулав.
Мэдээлэлтэй холбогдуудан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төслийн боловсруулалтын талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, ирэх аравдугаар сард төсөв хэлэлцүүлэхээс өмнө холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулахыг үүрэг болгов.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.