Ховд аймагт НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өглөө
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ховд аймагт төслийн үр дүнг /2021.08.09/ хүлээлгэн өгөх арга хэмжээнд ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан, төслийн Бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа, Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар, Санхүү захиргаа хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Малчдын байгууллагын хөгжлийн ажилтан Л.Ганцогт нар оролцлоо.
Мөн Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан, Ховд аймгийн Дэд бүтэц, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ховд аймгийн МЭГ-ын дарга Д.Батцэнгэл, Ховд аймгийн ГХБХБГ-ын Кадастрын ахлах мэргэжилтэн Э.Цогтсайхан, мэргэжилтэн Б.Цэцэн, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Отгонбаяр, Ховд аймгийн Дөргөн сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн бөгөөд Мөнхийн буян ХЗХ-ны дарга П.Цогбадрах, Ховд аймгийн Дуут сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн бөгөөд “Нуман тамга арвин баялаг” хоршооны дарга А.Болормаа нар оролцлоо.
НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээг эхлүүлж, Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан “НАМЭМ төсөл Ховд ааймагт 17 жил амжилттай хэрэгжлээ. Малын үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийн зүй зохистой ашиглах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд анхаарч, орон нутагт хүний нөөцийг бэлтгэх, малчдыг сургаж, дадлагажуулах, мал маллах арга уламжлал, арга ухааныг орчин үеийн ололт амжилттай холбосон сайхан төсөл хэрэгжлээ. Цаашид манай Ховд аймгийн 17 суманд ажиллаж байгаа төслийн нэгжүүд, орон нутгийн удирдлага, малчидтайгаа хамтраад үргэлжүүлэн хөгжүүлэх боломж нээлттэй байна. Төслийг хэрэгжүүлэгч НАМЭМ төслийн хамт олон болон орон нутгийн баг хамт олондоо Ховд амйгийн олон ястан ард түмнийхээ нэрийн өмнөөс болон нийт малчдынхаа өмнөөс аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсаэн ерөөе” гэлээ.
АБАХ-ны гүйцэтгэх захирал А.Отгонбаяр “НАМЭМ төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тогтвортой байдал Малчдын байгууллага – МАА-н үйлдвэрлэлийн шинэ үе шатыг эхлүүлэх суурь болох нь сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр манай Ховд аймагт Малчдын тулгуур 3 байгууллага болох АБАХ, СБАХ, хоршоодууд байрлах өөрийн байшинтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах бүхий л боломж нөхцөл бүрдсэн байна. Анх 2008 онд Дуут, Манхан сумдад Сумын бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаж байсан. 2009-2012 онд 13 суманд ХАА-н хоршоо болон Дундын хоршоо байгуулагдаж, 2018-2019 онд 7 сум Хадгаламж зээлийн хоршоотой болжээ.
Бэлчээрийн менежментийн чиглэлээр хийгдсэн ажлууд маш сайн үр дүн хүрсэн. Аймаг сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Газрын даамлуудад зориулсан сургалтыг жилд хоёр удаа хийж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж өгсөн.
Малчдад мэдлэг олгох, түүхий эдийг хариуцлагатайгаар бэлтгэн нийлүүлэх чиглэлд дадлагажуулах технологийн танхимын болон хээрийн сургалтуудыг тогтмол хийж ирсэн. Тухайлбал, малын эрүүл мэндийн, сарлагийн самнасан хөөвөр бэлтгэх, торомны самнасан ноос бэлтгэх, арьс шир бэлтгэн нийлүүлэх зэрэг сургалтууд хийсэн. Үүний үр дүнд үндэсний үйлдвэрүүдэд тогтвортой түүхий эд нийлүүлж ирлээ.
ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан “Ховд аймагт анх хүмүүнлэгийн тусламжаар эхэлж байсан бидний хамтын ажиллагаа төсөл дууссан ч цаашид үргэлжлэх боломжтой олон ажил хийгдсэн байна. Малчид малынхаа тоо толгойг бэлчээрийнхээ даацад тохируулдаг, малын гаралтай түүхий эдээ үнэ цэнэтэй байлгахад чиглэсэн систем бий болсон байна. Та бид тууштай 17 жил хамтран ажиллаж, бүх зүйл боломжтой гэдгийг батлан харууллаа. 2000 оны зуднаар малчид барьц алдаж байсан бол одоо дансандаа мөнгөтэй, хашаандаа өвс тэжээлээ бэлтгээд авчихдаг болсон байна. Ховдчууд нутаг орондоо хайртай, хариуцлагатай ард түмэн учраас маш их хичээл зүтгэлтэй ажиллаж ирсэн.
Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад орж, бэлчээр нутгаа маш сайн хамгаалж, сэргээсэн. Та бүхэндээ захих гол үг бол байгалийн бэлчээр гэдэг хамгийн чухал нь юм байна. Бэлчээр, өвс ургамал байгалынхаа аясаар нөхөн төлжиж сэргэх нь чадавхи нь нэг л муудвал цөлжих доройтох зам руугаа ордог юм байна. Тиймээс бэлчээрээ доройтуулахгүй байх, малынхаа тоо толгойг зохистой түвшинд барихад анхаарч, бэлчээрийн эко системийг алдагдуулахгүй байхад анхаараарай. Бэлчээрийг аль болох байгалийнхаараа аясаар сэргэх чадварыг битгий алдагдуулаарай. Бэлчээрт нь хог ургамал шарилж нилээн их болсон байлээ. Энэ бол доройтлын хүнд үедээ орж байгааагийн шинж шүү. Та бид нийгмийн шилжилтын хүнд үеийг даван туулж ирээдүйд үр хүүхдийнхээ сайхан амьдрах Монгол орныг үлдээх үндэс уурийг тавьж өгч байгаа цаг үеийнхэн гэж боддог. Тэгэхээр бэлчээрийн төлөв байдал, бэлчээрээ унаган төрхөөр нь байлгах, малаа чанаржуулах, өндөр чанартай бүтээгдэхүүн зах зээлд гаргахад анхаараарай гэж хүсэж байна.
Нөгөө талаар НАМЭМ төслийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг батлуулж, дэлхийн зах зээлд нилээн олон төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна. Үүний нэг нь Ховд аймгаас гаралтай сарлагийн арьсаар боловсруулагдсан арьсан бөмбөг гаргасан. Монголчууд аль болох дотоодын зах зээлээ дэмжих хүсэлтэй. Тэр ч утгаараа энэ бөмбөгийг авья гэдгээ илэрхийлж байна. Ховд аймаг малын эрүүл мэнд чиглэлд сайн анхаарч ирсэн. Аймаг сум баг малчны түвшинд стандартыг ашиглан нутагшуулах боломжтой болсон тул Ховд аймаг нутгийн брэнд гаргаж, зах зээлд нэвтрүүлээрэй гэж хүсч байна”
Аймгийн МЭГ-ын дарга Д.Батцэнгэл “Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүн, тогтвортой байдал” сэдвээр, ХБХБГ-н кадастрын ахлах мэргэжилтэн Э.Цогтсайхан Ховд аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, малчдын бэлчээр ашиглах эрхийн бүртгэлжүүлэлт, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь сэдвээр тус тус мэдээлэл өгсөн.
СБАХ-н тэргүүн, ХЗХоршооны дарга П.Цогбадрах “Дөргөн сумын ХЗХоршооны үйл ажиллагааны үр дүн-ирээдүй”
СБАХ-н тэргүүн, Хоршооны дарга А.Болормаа: Байгалийн бэлчээрт суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл Дуут сумын жишээн дээр: Үр дүн, цаашдын тогтвортой байдал, Малчдын байгууллагын хөгжил, БАХ/БАГ-т суурилсан зохион байгуулалт, Хариуцлагатай нүүдэлчид стандарт нь МАА-н зохистой үйлдвэрлэл, малчдын амьжиргааны тогтвортой байдлын үндэс болох нь, Хоршооны хөгжил, түүхий эдийн чанар, гарал үүслийн баталгаажуулалт, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны талаар танилцуулсан.
Малчдад түшиглэсэн аялал жуулчлалын танилцуулга
МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс” танилцуулсан. Тэрбээр “Ховд аймгийн хэмжээнд 16 сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, 80 бэлчээр ашиглагчдын хэсэг, 7200 малчин өрх, 14 түүхий эдийн анхан шатны хоршооний бүртгэл мэдээллийг системд оруулсан. Ховд аймгаас Дуут, Чандмань сумдад сарлагийн хөөвөр, ноос ноолуур Мөнххайрхан сумд “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгих тогтолцооны загвар сум болон ажиллаж байна. Ховд аймгаас хамгийн сайн чанарын, байгальд ээлтэй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн аргаар 464,3сая төгрөгийн орлоготой ажилласан” гэдгийг онцолсон.
Танилцуулгйн төгсгөлд НАМЭМ төсөл, АЗДТГ, АБАХ төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслол болж, оролцогчид хүндэтгэлийн зураг авахуулсан юм.
Энэ үеэр НАМЭМ төслийн Бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа “Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэж байгаад баяртай байна. Анх ажиллах үед бэлчээр доройтсон, малчдын орлого доогуур, малын тэжээл хангамж тааруу малын чанар муудсан байсан. Бид анх байгалийн бэлчээрийг яаж илүү сайжруулж, хамгаалах уу гэж эхэлсэн бол өнөөдөр бэлчээр маань малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн түүхэнд орж, зах зээлд борлуулах хаяг нь болох хэмжээний амжилттай сайн ажилласан байна. Энэ бүхэн дараа дараагийн олон сайхан ажлын суурийг тавьсан гэж бодож байна” гэж онцолсон.
НАМЭМ төслийн Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа “НАМЭМ төслийн хүрээнд орон нутагт хүлээлгэж өгч байгаа бас нэгэн чухал ажил бол малчдын 3 тулгуурт байгууллага маань юм Ховд аймгийн 80 гаруй БАХ”т суурилсан 7300 гаруй малчин өрхийн нийтлэгэрх ашгийг хамгаалах зорилготой байгууллага. Энэ гурван байгууллагын тулгуур нь Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, 16 сумын бэлчээр ашиглагчдын холбоо. Эдгээр байгууллагууд нь малчдын болон төрийн байгууллагуудын гүүр болдог. Малчдын талаарх төрийн бодлого шийдвэрт шаардлагатай зүйлсийг тусгуулах чиглэлд анхаарч ирсэн. Бэлчээр ашиглагчлагчдын холбоонд тулгуурлаад байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр бүхий л үйл ажиллагааг явуулж ирсэн.
Хадгаламж зээлийн хоршоо нь малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эдийн засгийн бие даасан байдлыг хөгжүүлэх зорилготой. Ховд аймагт хадгаламж зээлийн 7 хоршоо байгуулагдсан.байна. Мөн малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг дээшлүүлж, чанарыг сайжруулах “Хариуцлагатай нүүдэлчид” гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, хамтын зах зээлээ хөгжүүлэх зорилготой 14 ХАА-н хоршоо бий болжээ. Эдгээр байгууллагууд хоорондоо харилцан уялдаатай, бие биенийгээ дэмжиж ажилладаг. Малчдын бэлтгэсэн чанартай түүхий эд дотоодын төдийгүй гадаадын зах зээлд нэвтрэх боломж нээгдсэн.
Бэлчээр ашиглагчдын хэсэгт Дундын сан бий болж, энэ сангийн үйл ажиллагаа өргөжиж, малчдын итгэлцэл маш сайн байснаар дундын сангаа Хадгаламж зээлийн хоршоо болгосон. Ховд аймгийн 7 ХЗХ нь 1446 гишүүн, 222.8 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө, 2 тэрбумын активтай үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Эдгээр ХЗХ зөвхөн малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаггүй бусад маркетингийн хоршоо, бэлчээрийг сайжруулах чиглэлд өөсрдийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг зардал болгон гаргах, “Бэлчээр хамгаалах сан” байгуулах зэргээр ажиллаж байна” гэлээ.
Аймгийн ЗД-ын орлогч Т.Жаргалсайхан “Ховд аймагт НАМЭМ төслийг хэрэгжүүлсэн нийт хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэж байна. Цаашид манай аймаг бэлчээрээ хамгаалж малын чанарыг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хамтын хөдөлмөрийг дэмжих гээд маш олон ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгаль дулхий улам бүр тэнцвэргүй болж байгаа энэ цаг үед бэлчээрийг зохистой ашиглаж, төр болон төрийн бус байгууллага, малчдын хамтын ажиллагааг дэмжсэнээр үр дүн улам сайжирна. Цаашид мал эмнэлгйин тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч, хөдөө аж ахуйн болон бусад сайн үр дүнтэй ажлуудыг улам дэлгэрүүлэн хичээж ажиллана” гэлээ.