Ирэх сард Гашуунсухайтад чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулна
Хил, гааль дээрх ачаа тээврийн бөөгнөрлийг арилгаж экспортыг нэмэгдүүлэх нэг гарц нь Замын-Үүдээс гадна хилийн бусад боомтын үйл ажиллагааг сайжруулж ашиглах явдал хэмээн албаныхан үзэж байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтын ажилтай танилцах үеэр мэдэгдсэн юм.
Тухайлбал, манай улсын үүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг бусад боомтод нүүрсний чингэлэгт тээврийн хяналтын нэмэлт гарц, гаалийн хяналтын бүс байгуулахаар болсон. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр холбогдох саналыг боловсруулж, Засгийн газрын энэ оны 7 дугаар сарын 2-ны хуралдаанаар “Чингэлэг тээврийн терминал байгуулах тухай” 185 дугаар тогтоолыг батлаад байна.
Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Гашуунсухайтын боомтод чингэлэгт тээврийн терминалын зураг төсөл, холбогдох тооцоо судалгааны ажлыг эхлүүлж, талбайн шимт хөрс хуулж тээвэрлэх, талбайн улыг тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Уг терминалыг энэ оны 9 дүгээр сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.