Токио-2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын бөх Саиед Моллаи /2021.07.27/ Монголын сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
Моллаи “Энэ медалиа нэгдүгээрт Иранд байгаа гэр бүлдээ зориулж байна. Тэдэнтэйгээ хоёр жил уулзаагүй. Хоёрт, Монголын ард түмэнд зориулж байна” гэв.
Тэрбээр мөн “Би Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Х.Баттулга Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна. 2018 оноос хойш маш олон зүйл тохиосон. Харамсалтай нь би эх орноо алдсан. Гэхдээ би эргэж ирсэндээ, мөнгөн медаль авсандаа баяртай байна.
Би сүүлийн хоёр жил тасралтгүй хичээж хөдөлмөрлөсөн. Зоригтой хүмүүс нэг л амьдардаг, зоригтой хүмүүс хүссэндээ хүрдэг. Би өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө явсан.
Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлсэн. Би маш мундаг тамирчидтай нэг баг болсондоо баяртай байна. Би сайхан найзуудтай болсон. Монголын ард түмэнд энэ медалиа зориулж байна. Монголын ард түмэн маш сайхан, халуун сэтгэлтэй ард түмэн” гэлээ.
Та хагас финалд ялаад юу илэрхийлсэн үйлдэл хийсэн бэ гэсэн асуултад Моллаи “Олимпын медаль бага зүйл биш. Би баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм” гээд “Баярлалаа, Монгол” гэж монголоор хэллээ.
Эх сурвалж: БТСУХ