НийгэмFocus

Сүүлийн нэг сард хүн амын 34.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэжээ

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Архигүй амьдралыг цогцлооё” аян 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаагаар хүн амын 34.8 хувь нь сүүлийн нэг сард архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их хэрэглэж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 2012 онд 26881.7 мянган литр архи дарс, 65124.6 мянган литр шар айраг үйлдвэрлэсэн бол 2019 онд 27155.5 мянган литр архи, 91975.1 мянган литр шар айраг үйлдвэрлэж, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 2012 оны байдлаар 32.8 литр байсан бол 2019 онд 37.2 литр нэмэгдсэн байна.

Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг таниулах, аймаг, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд “Архигүй амьдралыг цогцлооё” аян үргэлжилж байна.

Аяны хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Аймаг, Нийслэлийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, СӨЭМТ-ийн төвүүдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалт зохион байгуулагдсан.

Энэхүү 3 сарын аянд амжилттай оролцож архи, согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулж чадсан аймаг, дүүргийг 10 дугаар сарын 30-ны өдөр шалгаруулах юм. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Архигүй амьдралыг цогцлооё” аянд нэгдэж, хүн амыг эрүүл мэндийг хамгаалах үйлст хамтран ажиллахыг уриалж байна.



Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close