ЕрөнхийлөгчОнцлох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль хүртээв

Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ховд аймгийн Дарви сумын малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

NEWS0500
АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
  • “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын болон төр нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол,
  • Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээл туурвин рок поп хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин цолыг тус тус хүртээсүгэй” гэжээ.
ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл, сансар судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Халийн Хатира,

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Хандмаагийн Даваахүү,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Нямдайн Бадралхүү,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Гэлэгийн Адъяа,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эх баригч эмч Баарагийн Буянаа,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэл,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

“Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн тооцооны ахлах инженер Чойжилсүрэнгийн Баасанхүү,

“Багануур” хувьцаат компанийн Багануур уурхайн машинист Дагиймаагийн Мөнхжаргал,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Тагнуулын Ерөнхий газрын Газрын дэд дарга, дэд хурандаа Батмөнхийн Батбаяр,

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ганболдын Ганхүү,

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ротын ахлагч, сургагч ахлагч Гомбын Содбаяр,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Толгойт” өртөөний машинист Цэндийн Эрдэнэцэцэг,

“Модун групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Должидын Батбаяр,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

Нийслэлийн Онцгой байдлын аврах ангийн аврагч Гомбын Отгонбаяр,

Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа Баатарын Чойжилсүрэн нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм нөхөд өө!

Төрт ёс, дэг журмыг дагаж, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр төрийн хүндэтгэл, шагналыг салбар салбартаа амжилт бүтээл гаргасан алдартан гавьяатнуудад олгож байна.

Үеийн үед монгол түмний аман хишгийг тэтгэж ирсэн буянт малынхаа шимийг арвижуулж, малч ухаан, өв соёлыг өвлөхийн сацуу баяжуулан уламжлуулж, мал аж ахуйн үр өгөөжийг дэлгэрүүлж, хөдөлмөр алдрыг мандуулж яваа Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид нийт малчин түмнийхээ төлөөлөл болгон Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Эрдэм ухаан, мэдлэг боловсролыг хөхиүлэн дэмжсэн цагт улс орон хөгжин дэвждэг жамтай.

Ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд манлайлан зүтгэж, ёс заншил, өв уламжлал, философи гүн ухаан, улс төрийн шинжлэх ухааны салбарт олон арван бүтээл туурвиж, үе үеийн төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдыг сурган бэлтгэж, улс орны хөгжил дэвшилд оруулсан гавьяа зүтгэлийг тань өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол олголоо.

Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн олон арван уран бүтээлийн зохиогч, түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч, орчин үеийн дуу хөгжмийн урлагийн гол төлөөлөл “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд рок попын урлагийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Ардын жүжигчин цол олгож байна.

Монгол хүн хөх тэнгэрийн мандал, сансар огторгуйд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн” комиссыг амжилттай удирдан зохион байгуулсан Гэлэгийн Адъяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байна.

Энэхүү түүхэн үйл явдал нь монгол хүн, Монгол Улс сансрын уудмыг эзэмших, сансар судлалыг хөгжүүлэхэд оролцсон гайхамшигт үйл явдал байсан юм.

Бүх цаг үед хамгийн их хүндэтгэл, талархлыг хүлээж, улс орныхоо ирээдүй, ард нийтийн эрүүл мэндийн манаа, сурган хүмүүжүүлэх их үйлсэд цаг наргүй сэтгэл, зүтгэл гарган хөдөлмөрлөж байдаг, ялангуяа цар тахлын хүнд нөхцөл байдалд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа эмч, багш нарын төлөөлөл болсон Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд тасралтгүй 32 жил эх баригч эмчээр ажиллаж байгаа Баарагийн Буянаад Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш, 90 насны сүүдэр шүргэж буй азай буурал Халийн Хатирад Монгол Улсын Гавьяат багш цол олголоо.

Монголчууд бидний хувьд ард түмнийхээ хүнсний хэрэгцээг дотооддоо хангахын зэрэгцээ Монгол Улс органик хүнс экспортлогч улс орон болох томоохон зорилтыг дэвшүүлж байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдал, хүн ардыг эрүүл аюулгүй хүнсээр  хангах нөр их үйлсэд ажил хөдөлмөрөөрөө манлайлан оролцож яваа газар тариалангийн салбарын төлөөлөл Хандмаагийн ДаваахүүНямдайн Бадралхүү нарт Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цол олголоо.

Өнөөдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, урлаг соёл, боловсрол, газар тариалан, мал аж ахуй, төрийн алба, сансар судлал, эрүүл мэнд, төрийн цэргийн байгууллага, эрчим хүч, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлийн сайчууддаа төрийн дээд цол, одон медалийг хүртээж байна.

Монгол төр өндөр эрхэмсэг орших ёстой. Үүний тулд төрийн босго өндөр, үнэлэмж дээгүүр байх учиртай.

Эрхэт төрийн тэгш түүхэн ойнууд тохиосон энэхүү баярт мөчид төрийн дээд шагнал, одон медаль хүртэж, түмэн олны хүндэтгэл, талархлыг хүлээн авч байгаа Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань улам их өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн Та бүхний гэр бүл үр хүүхдүүд тань баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Та бүхэнд баяр хүргэе!” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close