УИХНийгэмОнцлох

МБС-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг (2021.06.30) Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өргөн барилаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

Хуулийн төсөл 8 бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагдсан бөгөөд зарчмын шинжтэй болон шинэлэг зохицуулалтыг танилцуулбал:

1. Сургалтын байгууллага ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцүүлсэн сургалтын хөтөлбөрөө өөсрдөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бий болгосон.

2. Сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, удирдах зөвлөл болон захирлын эрх, үүргийг нэмэгдүүлж, чанар, гүйцэтгэл, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлын төлбөрийн аргаар санхүүжих шинэ зохицуулалтыг тусгасан.

Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгасан.

3. Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхдээ гурван талт гэрээ байгуулж, цалин хөлс авах, сургалтын орчны болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах, эцэг эх хүүхдийнхэ сурах боломжийг хангах, аж ахуйн нэгж байгууллага стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах, төгсөгчдийг үнэлэхэд оролцох, гэрээний дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын байгууллага, багштай хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах сургалтын байгууллагыг удирдах, хөгжүүлэхэд оролцох зохицуулалтууд тусгагдсан.

4. Захирал, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч (Орон нутгийн сургууль авдаг байсан бол одоо бүгд) нийгмийн түншлэл, үйлвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч, дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан, ХАБЭА, эмчид (шинээр нэмэгдсэн) 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно.

5. Багш, сургалтын менежер, арга зүйч-багш тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах. Захирал,  дэд захирал, сургалтын менежер, арга зүйч ажлын 15, багш, дотуур байрын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт эдлэх.

Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах, эдийн засгийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн хууль санаачлагч үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close