Орон нутаг
Өвөрхангай аймаг наадмын төсвөө КОВИД-ын эсрэг үйл ажиллагаанд зарцуулна
Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд улсын баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа.
- Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ.
- Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа онцлов.
- Аймгийн 90 жилийн ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал, түүх өв соёл хүн ардынхаа зан заншил, амьдрал ахуйг харуулсан түүхэн баримтат кино, түүхийн ном бүтээж, түүх, соёлоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээг цахимаар зохион байгуулна.
- Тэрээр эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтойг хэлсэн юм.