НийслэлFocus

БЗД-ийн Онцгой комисс тулгамдсан асуудлаар шийдвэр гаргав

Баянзүрх дүүргийн онцгой комисс цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын хугацаанд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлаар дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэсээс цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Шуурхай хуралдаанаар Ковид-19 цар тахлын нөхцөлд гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах, өрхийн эмнэлэгүүдийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй хүргэж, түргэн шуурхай ажиллахыг Эрүүл мэндийн төвд үүрэг болголоо.

Түүнчлэн үер усны улирал эхэлж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар холбогдох албаны хүмүүст дараах чиглэлүүдийг өглөө. Үүнд: Үерийн ам дээр буусан айлуудын судалгааг шинэчилэн, мэдэгдэл хүргүүлэх, онцгой нөхцөлд ажиллах шаардлагатай техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, хүн хүчийг нэмэгдүүлэх, үер усны дуудлага өгсөн газрууд дээр шуурхай очиж ажиллах, цаашлаад дуудлагын тоо нэмэгдэж хүн хүч шаардлагатай үед дүүргийн Тохижилтын хэлтэс, Цэргийн штаб хамтран дайчилгааны цэргүүдийг татан оролцуулах, Сэлбэ гол, Улиастайн голын дагуу онцгой байршлуудад хуваарь гаргаж ажиллах, үерийн бүсэд суурьшиж байгаа айл өрхүүд, тэр дундаа 10, 21, 23, 27-р хороодын иргэдэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Борооны улиралд орон сууцны граж усанд автах эрсдэл үүсдэг тул СӨХ-дыг ус соруулах төхөөрөмжтэй болгох шаардлага хүргүүлэхийг Дүүрэг хөгжлийн төвд үүрэг болгов.

Дүүргийн Онцгой комиссын хурлаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдэд шалгалт явуулан, шаардлага хүргүүлж холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний зэрэгцээ мал бүхий иргэд зөвшөөрөлгүй цэгт мал худалдаалж буй асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн юм. Мөн гэр хорооллын гудамж талбайн ариутгалын халдваргүйжүүлэлтийн ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулахаар боллоо.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close