Засгийн газарОнцлох

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний үүрэг улам бүр нэмэгдэж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн баасан гарагт Зэвсэгт хүчний 013, 150, 017 дугаар ангиудад ажиллалаа. Түүнийг дагалдан Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Материал хангалтын газрын дарга, бригадын генерал М. Мөнхбаяр нар ажилласан юм.

Батлан хамгаалахын сайдыг ангиудын хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа ангиудын танилцуулга, үйл ажиллагааны төлөвлөгөө, цэргийн сургалт бэлтгэлийн явц, алба хаагчдын сахилга дэг журам, шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудлуудын талаар захирагч нар танилцуулсан юм.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хувьд судалгаа хийгдэж бэлэн болсон төслүүд, ангийн алсын хараа, цаашдын зорилго, зорилтууд, “Радио электроникийн туршилт судалгааны төв”-ийн үйл ажиллагаа болон Цэргийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдэх бүтээлч ажлуудын талаар танилцуулсаны дараа насжилт өндөртэй ангийн барилга, обьектуудад “Цэргийн хотхоны стантарт”-ын дагуу их засвар хийж, өнгө үзэмжийг нь сайжруулах, албан тушаалын орон сууцыг шинээр барьж байгуулах саналтай байгааг уламжилсан юм.

Харин Зэвсэгт хүчний 150 дугаар анги өнгөрсөн хугацаанд ангийн барилга, байгууламжуудад хийсэн тохижилт, засварын ажлууд, үндсэн үүрэг зориулалт, түүхэн замнал, ангиас төрсөн алдартнуудын талаар танилцуулж ангийн бие бүрэлдэхүүнд хүрэлцдэггүй спорт заал, цэргийн гал тогоо, хичээлийн танхим барихаас гадна ангийн үндсэн дансанд бүртгэлтэй зарим нэгж, техникүүдийг нөхөн хангуулах асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байгааг илэрхийлэв.

Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний 017 дугаар анги тайван цагийн бүтээн байгуулалтад хэрхэн оролцдог талаар дурдаж, 2020 оны бүтээн байгуулалтад оролцсон байдал, 2021 онд ямар ажлыг хийж, бүтээх талаар товч танилцуулсан юм. Харин ангийн дансанд байгаа боловч биетээр байхгүй техникүүд болон зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлүүлж барилгачдын цалин, албан тушаалын орон сууц, ангийн байрлалд хамаарагдах газрын маргаан, туслах үйлдвэрийн барилгыг барих, Зэвсэгт хүчний хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжийн зарим төрлийн материалыг үйлдвэрлэн нийлүүлэхэд дэмжлэг авах хүсэлтэй байгааг уламжилж байв.

Ангийн захирагч нарын танилцуулсан санал, хүсэлтийн хариуд аль болох шийдвэрлэх боломжтой асуудлуудаас эхлэн шат дараатайгаар ажлаа эхлүүлэх болно гэдгийг салбарын сайдын зүгээс хэлж байлаа. Үүний дараа Батлан хамгаалахын сайд дээрх ангиудын алба хаагч нартай уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр тэрээр “Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин энэ онд 100 насны босгоо давж байна. Энэ хүрээнд олон бүтээлч ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Энэ цаг дор миний бие болон та бүхэн энэ салбарын түүхийг бүтээлцэж, ирэх зууны бодлогыг тодорхойлох хувь тохиож байна гэдгийг хэлэх таатай байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ-н зураг.

Өнгөрсөн хугацаанд цар тахлаас үүдэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад ажиллаж чадаагүй. Би энэ салбарт ажиллаж байсан цэргийн мэргэжлийн хүний хувьд анги, байгууллагуудын үндсэн үйл ажиллагааг маш сайн мэддэг хэдий ч офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид маань ямар нөхцөлд алба хааж, амьдарч байгаатай өөрийн биеэр танилцах зайлшгүй шаардлагатай гэж үзэн бүх ангиудтай танилцах төлөвлөгөөтэй байгаа.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний хэмжээнд шинэчлэл хийх үүднээс олон зорилтуудын дэвшүүлэн ажиллаж байна. Манай салбар улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд том үндсэн чиг үүргийг хүлээсэн. Тиймээс энэ салбар хууль, эрх зүйн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэн хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Тэр тусмаа Монгол Улсын Зэвсэгт хүчний тайван цагт хүлээх үүрэг улам бүр нэмэгдэж байна.

Зөвхөн дотооддоо ард түмнийхээ аюулгүй байдлыг хангадаг байсан бол дэлхийн энх тайвны төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 20 орчим жил өнгөрсөн. Үүгээр дамжуулж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо улам бүр бэхжүүлж байгаа. Одоо Монгол Улсын Зэвсэгт хүчин хөгжлийнхөө үе шатыг эхлүүлж байна. Үүнд алба хаагчид та бүхний оролцоо маш их юм шүү” хэмээж нийт бие бүрэлдэхүүнд хандан цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Дэслэгч Т.ИДЭР

Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ-н зураг.
Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ-н зураг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close