НийгэмОнцлох

Б.Ариунболорт 3 өрөө байрны түлхүүрийг нь гардууллаа

“Ангууч” нэрээр залууст танигдсан Б.Баттөр өөрийн найз О.Мөнхжинтэй хамтран төрсөн өдрөөрөө буюу 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр “Almighty” хэмээх сайн үйлсийн аян зохион байгуулж, хандиваар цугларсан мөнгөөр Б.Ариунболор охиныг байртай болгоход зориулна хэмээн мэдэгдсэн билээ.

Түүний өрнүүлсэн аяны хүрээнд монголын ард түмнээс 60 сая төгрөг бүрдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар группээс 105 сая төгрөг гаргаж Б.Ариунболор охин гурван өрөө байртай болжээ.  Хүүхдийн баяртай холбогдуулаад Улаанбаатар группээс 310 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гардуулах үйл ёслол өнөөдөр боллоо.

Ангууч Б.Баттөр “Анх наадмаар Б.Ариунболор охин дүү нартайгаа манай гал дээр ирж байсан. Ахаа туслаач, дүү нараа хүний дайтай өсгөх чин хүсэл байна. Одоо байр түрээслэж үсчин хийж байгаа ч олсон мөнгө маань түрээсэнд яваад хүндхэн байна” гээд ирсэн. Тэрээр асрах төвд байсан дүү нарынхаа араас хөөцөлдөж өргөдөл өгч бүх дүү нараа өөр дээрээ авч чадсан байсан.

Тиймээс би өөрийн төрсөн өдрөөрөө сайн үйлсийн аян өрнүүлсэн. Би тэднийг тухтай, тоглоомын талбайтай аюулгүй байлгах байранд оруулж чадах болов уу гэж их айж байсан. Өнөөдөр энэ том группийг манлайлж байгаа хүмүүс биднийг дэмжсэнд маш их баяртай байгаа. Өнөөдөр мөрөөдөл минь биелж байна” гэлээ.

Б.Ариунболор “Ам бүл 11-үүлээ амьдардаг. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад, хэдэн дүү нараа асрахад өгөхөд энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан. Тухайн үед тусалж байсан бүх хүнд баярлалаа. Байранд ороод дүү нараа асрахаас аваад элэг бүтэн амьдрах боломж олгож байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Өмнө нь эвгүй байдал гаргасан. Буруу ойлголт үүсэж, буруу үйлдэл гаргасан байна лээ. Энэ бүх зүйлдээ монголчуудаасаа уучлал хүсэж байна. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том аз жаргал бэлэглэлээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Үсчин мэргэжилтэй тэрээр гэрээрээ үс засан дүү нараа л боловсролтой хүн болгохын төлөө хичээнэ хэмээн ярьж байсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close