УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн баримталж буй байр суурийн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөхөд 20 хоногийн хуулийн хугацаа үлдээд байгаа энэ хариуцлагатай цаг үед сонгуулийн хуульд зайлшгүй шаардлагатай тодорхой өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Үлдэж буй богино хугацаанд энэхүү өөрчлөлтийг оруулж чадвал ирэх сонгуулиар ард түмний итгэлийг хүлээсэн, эдийн засгийн хямралаас гаргах төр засаг бүрдэх үндэс болох учиртай.
УИХ сонгуулийн хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд 10 гаруй хоног өнгөрсөн ч тодорхой ахиц гарахгүй байгаа учраас МАН-ын бүлэг мэдэгдэл гаргахаар болсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Ингээд сонгуулийн хуулийн талаар бүлгийн баримталж буй байр суурийг танилцуулсан юм.
Нэгдүгээрт, сонгуулийн саналыг хар машинаас гадна гар тооллогоор давхар тоолж баталгаажуулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг Сонгуулийн хуульд тусгах ёстой. Санал тооллогын хар машинд эргэлзэж байгаа ард түмний эргэлзээг тайлах ёстой. Төрийн эрх мэдлийг ард түмний мэдэлд байлгахын тулд хяналтын тооллогыг заавал гараар хийх ёстой гэж үзлээ.
Хоёрдугаарт, МАН-ын бүлэг намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн. Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно” гэж заасан. Иргэд УИХ-д өөрсдийг нь төлөөлөх гишүүнээ өөрсдөө мэдэж сонгох ёстой. Намын нэрийн ард ямар хүнийг дугуйлж байгаагаа ард түмэн мэдэхгүй байна. Намын жагсаалтаар орж ирсэн зарим хүмүүс улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг гэхээсээ зөвхөн намдаа, намын удирдлагаадаа үйлчлэх тохиолдол гарч байна.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн өөрийн нам, эвслээс гарвал эргүүлэн татдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Олон түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсоныхоо дараа өөр намд урваж байгаа нь төрийг наймааны хэрэгсэл болгож, ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна.
Дөрөвдүгээрт, сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийддэг болъё. Дахин болон нөхөн сонгуулийн хугацааг хуульд тодорхой зааж өгөх ёстой. Сонгуулийн хууль зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгая гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдэв. 2012 оны сонгуулийн маргаан одоо болтол дуусаагүй дөрвөн жил үргэлжилж байна. Тухайлбал, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг аймагт үргэлжилж байна. Дархан-Уул аймагт болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн эхнийх нь хүчингүй болсон. Хоёр дахь санал хураалтаар 200 хүний саналаар тухайн нэр дэвшигч төлөөлөгч болж байна. Энэ нөхөн сонгуульд ганцхан АН оролцож, бусад намыг оролцуулаагүй. Засгийн эрх барьж байгаа нам хууль зөрчиж иргэдийн сонголтыг өөрчилдөг байдлыг зогсоох ёстой гэж гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв.
Тавдугаарт, СЕХ-г татан буулгаж, төв газар болгохыг МАН-ын бүлэг дэмжихгүй. СЕХ бол Үндсэн хуульд заасан бүтцийн байгууллага. Тиймээс энэ байгууллага өөрийн гэсэн бие даасан хуультай, эрх зүйн байдал, бүрэн эрх нь хараат бус, тогтвортой байх ёстой. Энэ байгууллага хамтын шийдвэр гаргадаг зөвшилцлийн байгууллага байх ёстой. Дэлхийн бүх оронд ийм жишиг байдаг. Гэтэл хуулийн төсөлд оруулсан энэхүү түр комисс нь сонгуулийн үед ажиллаад татан буугдах учраас хариуцлага хүлээхгүй болох нь. Түр комиссын дэргэд Сонгуулийн улс төрийн зөвлөл гэж байгуулах нь буруу гэж МАН-ын бүлэг үзлээ.
Зургадугаарт, саналын хуудсанд нам, эвсэл, нэр дэвшигчийг бичихдээ УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгах биш УДШ-д бүртгүүлсэн дарааллыг баримтлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Одоо оруулж ирсэн төслөөр парламентад хамгийн олон суудал авсан нам нь саналын хуудасны эхэнд бичигдэнэ гэжээ. Улс төрийн намуудыг парламентад суудалтай, суудалгүйгээр нь ялгаварлах нь буруу гэж МАН-ын бүлэг үзлээ.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Шударга сонгууль явуулахын тулд хар машины эргэлзээг тайлахыг ард түмэн хүсч байгаа. Санал хураалтын дараа бүх саналыг гараар тоолж хар машины тооллогын дүнтэй таарч байна уу, зөрж байна уу гэдгийг яагаад хийж болдоггүй юм бэ. Эрх баригчид хар машинаар хяналтын тооллого хийлгэхгүй гээд байгаа нь улам эргэлзээ төрүүлж байна” гэж онцлов.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хэрэв хар машин үнэхээр асуудалгүй бол хэвлэл мэдээллийнхэн, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тавьж байгаад баталгаажуулах хэрэгтэй. Энэ машин хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа учраас эргэлзээ үүсч байгаа. Тийм учраас манай бүлэг хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг сонгуулийн хуульд оруулах саналыг тавьж байгаа” гэв.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Хар машинтай холбогдсон эргэлзээ яагаад гараад байна вэ гэхээр 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн өмнөх сонгуулийн эцсийн дүнгээс хамгийн удаан хугацаанд гарсан. Уг нь хар машинаар маш хурдан тоолно гэж хүлээж байсан ч бидний хүсэн хүлээсэн үр дүн ажиглагдаагүй. Тиймээс хар машины санал тооллогын дүнг гараар давхар баталгаажуулъя гэсэн санал тавьж байна” гэлээ.