Хүүхдийн төлөө санд 2.2 тэрбум төгрөг хүлээлгэн өгөв
Соёлын яамнаас “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах, “Хүүхдийн театр, Хүүхдийн номын сан” цогцолборыг барьж эхлүүлэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” хандивын тоглолтыг зохион байгуулсан билээ. Хандивын тоглолтоос иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас цугласан 2.2 тэрбум төгрөгийг Соёлын дэд сайд М. Батбаяр бусад албаны хүмүүсийн хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Соёлын дэд сайд М. Батбаяр хэлэхдээ: “Хүүхдийн төлөө фонд” нь анх 1972 онд эх сууриа тавьж, хүүхдэд зориулсан олон зуун бүтээн байгуулалт тэр дундаа хүүхдэд зориулсан соёлын байгууллагуудыг байгуулж, эх суурийг тавьж байсан юм.
Харамсалтай нь сүүлийн 30 жилд нийгмийн их шилжилтийн үеийн давалгаанд хүүхдэд зориулсан соёлын байгууллагууд үүд хаалгаа барьж, худалдагдаж, хувьчилагдаж, хулгайлагдаж устаж үгүй болсон бөгөөд гарын таван хуруунд тоологдох цөөхөн байгууллага далайц багатай үйл ажиллагаа явуулж байна.
Иймд хүүхдүүд маань зориод очих номын сантай, чөлөөт цагаа өнгөрүүлэх соёлын орон зайтай, үзвэр үйлчилгээтэй байгаасай гэж бид зорьсон. Соёлын бодлогын зорилт маань мөн үүнд чиглэж байгаа. Бид бүтээн байгуулалтад зориулан хөрөнгө босгохоос гадна аль ч салбарын бодлогын цөм нь хүүхдийн төлөө байгаасай, нийгэм тэр аяараа хүүхдэд тавих анхаарлаа улам бүр сайжруулаасай гэсэн санааг түгээсэн юм. Ард иргэдээсээ ч дэмжлэг авсан, маш их талархаж байна.
Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орон, УИХ-ын чуулганаар хууль хэлэлцэн батлагдаж, өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд Монголын ард түмний хүүхэд хөгжлийн ордонтой болох хүсэл тэмүүллээр цугласан хандивыг албан ёсоор шилжүүлэн өгч байна.Энэхүү хандив нь “Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сан” цогцолбор барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм.