Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгууллаа
Европын Холбооны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Хүнсний аюулгүй байдлын менемжентийн тогтолцоо ба ДМАЭМБ-ын шаардлагууд” сэдэвт сургагч багш чадавхжуулах (ToT) олон улсын сургалтыг хүнсний ялангуяа мах, сүү үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүдэд цахимаар /2021.05.10-14/ зохион байгууллаа.
Сургалтад төр, хувийн хэвшил, төрийн бус, мэргэжлийн холбоо, судалгаа, хөгжил, их дээд сургуулиудын 100 гаруй төлөөлөл идэвхитэй оролцлоо. Тус сургалт хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны асуудлаар дотоодын мэргэжилтнүүдийг чадваржуулах цаашид энэ чиглэлээр ажилтнууддаа болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бие даан сургалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Цахим сургалтын хаалтын арга хэмжээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн ноён Марко Ферри, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л. Чой-Иш болон Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Болдбаатар зэрэг албаны хүмүүс оролцож амжилт хүслээ.
КОВИД 19-ийн нөхцөл байдлыг харгалзан үйлдвэр дээрх дадлагын сургалтыг нийт 20 мэргэжилтэнд ЮНИДО-ийн олон улсын сургагч багш Исса Али Бэйтуни, Д.Кадирбек нар зайнаас чиглүүлэх AR, VR дижитал төхөөрөмж ашиглан зохион байгуулахаар төлөвлөв.
Энэхүү сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо, Монголын Үндэсний Мал эмнэлгийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.