МАНУлс төр

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж УИХ-аас баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүх, тойргийн шүүхийг аймгуудад төвлөрүүлж байгуулсан нь ард иргэдийг чирэгдүүлсэн, Үндсэн хуулийн үндсэн үзэл санаа, зарчимтай зөрчилдсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Хэлбэр талаас нь харахад Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьж байгаа мэт боловч агуулга талаасаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьсан нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь сүүлийн 23 жилд анхны тохиолдол. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэц УИХ-аас баталсан хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэсэн 140 шийдвэр гаргасан байдаг.

Үүний 40 орчим нь сүүлийн гурван жилд гарсан байна. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх барьж буй АН, “Шударга ёс” эвслийн олонхиороо хүч түрэн баталсан хуулиудын хэд нь Үндсэн хууль зөрчсөн бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ нь түүхэнд байхгүй өндөр үзүүлэлт юм. Цаашдаа энэ асуудалд анхаарах ёстой гэж үзэж байна” гэв.

Д.Хаянхярваа: Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллээр гарч байгаа ташаа мэдээлэлд няцаалт өглөө. Мөн холбогдох асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв. УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж дүгнэлтээ гаргасан. Энэхүү ажлын хэсэг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг зөрчсөн, бондны мөнгөөс дутсан, сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд гэрээ байгуулсан, ажлын явц дунд мөнгөн дүн нь нэмэгдсэн гэх мэт Хөгжлийн банкны илт хууль зөрчсөн асуудлыг гаргаж тавьсан. Гэтэл ажлын хэсэгт орсон АН-ын нэр бүхий гишүүд энэ шалгалтын дүнг зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй байна. Маргааш Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг шалгалтын дүнг хэлэлцэх юм.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “МАН-ын дарга М.Энхболд “Говь” ХК-ийн 10, бүлгийн дарга С.Бямбацогт 200 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна. Энэ компани төслийн шалгуурыг хангаад зээл авсан байж болно. “Говь” ХК 7.8 сая ширхэг хувьцаатай, 16 мянган хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл Хөгжлийн банкнаас энэ компанийн авсан зээлтэй холбогдуулж 10 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа хүнийг 10 тэрбум төгрөг авлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Тиймээс аль нэг нам гэлгүй бүх мэдээллийг ид тод болгох хэрэгтэй. Энэ асуудалд нэр ус нь холбогдоод байгаа АН-ын гишүүд хэвлэлээр ил далд давшлаад байх хэрэггүй. Хэн ямар зээл авсан, төслийн үр өгөөж ямар байгааг ил тод зарлах хэрэгтэй. “Чингис” бондоос дутсан 5.4 сая ам.доллар хаашаа оров, хаанаас ямар шийдвэр гарав гэх мэт асуудлыг ил тод гаргаж  тавих хэрэгтэй” гэв.

Мөн бүлгийн дарга С.Бямбацогт “Төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтийг төсвөөс өгч чадахгүй, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Үүнийг зээл авсан мэтээр мушгин гуйвуулах хэрэггүй. Хулгай хийсэн мэтээр мэдээлэх нь утгагүй юм” гэв.

Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Импортыг орлох стратегийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор “МАК” компанийн байгуулсан цементийн үйлдвэрт 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ бол хууль тогтоомжийн дагуу хийгдсэн, ҮАБЗ-ийн зөвлөмжид нийцсэн ажил. Гэтэл үүнийг нэр бүхий хүмүүс өөрсдийнхөө хулгайн үйлдэлтэй харьцуулсан байдлаар улстөржүүлж байгаад харамсаж байна. Цементийн үйлдвэр бол ТЭЗҮ нэртэй цаас хэвлэсэн, төмөр зам барина гээд шороо овоолсонтой харьцуулах аргагүй ажил юм. Одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа ажил юм. Аль нь хууль бус, хулгайн зорилгоор мөнгө завшсан бэ, аль нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бэ гэдгийг ялгаж зааглах ёстой” гэв.

Н.Номтойбаяр: Зээлийн хүүг бууруулах асуудлаар ойлголцолд хүрнэ

МАН-ын бүлгийн саналын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх баасан гаригт Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх гэж байна. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Хүн болгоны сар бүр төлдөг шимтгэлээр Нийгмийн даатгалын санд нэг их наяд төгрөг хуримтлагдсан. Энэ нь улсын төсвийн 20 орчим хувьтай тэнцэхүйц мөнгө. Нэг их наяд төгрөгийн 40 орчим хувь нь байнгын эргэлтэд буюу харилцах хэлбэрээр, 60 орчим хувь нь арилжааны банкуудад бага хүүтэй байршдаг. Хямралын үед, ард иргэдийн дийлэнх нь өр зээлтэй байгаа үед Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад байршуулахдаа харилцан тохиролцох замаар тэтгэврийн болон цалингийн, малчны зээлийн хүүг бууруулах, ард иргэдэд учирч буй санхүүгийн дарамтыг багасгах асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийн үеэр ойлголцолд хүрэх болов уу гэж найдаж байна. “Сайдын цаг” мэдээллийн үеэр С.Эрдэнэ сайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг судалж байгаа гэсэн. Энэ ажлын явцын талаар мэдээлэл сонсоно” гэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close