“Амгалан” дулааны станц ашиглалтад орлоо
“Амгалан” дулааны станцыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хөгжлийн банкны санхүүжилтээр, бондын хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК-ийн барьж ашиглалтад оруулж байгаа “Амгалан” дулааны станц нь 300 Гкал/ц дулаан үйлдвэрлэх, 2х6000м шугам, дулаан дамжуулах 7 төв, 110/10КВт цахилгаан дамжуулах шугам, дэд станц, төмөр замын зурвас гэх мэт олон байгууамжаас бүрдэж байгаа юм.
Энэ станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн 50 мянган айл өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангахаас гадна “ДЦС-4” ТӨХК-ийн өсөн нэмэгдэж буй ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.
Монгол-Хятад, хоёр орны эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлын нэгэн бэлгэ тэмдэг болсон “Амгалан” дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хйигдээгүй томоохон бүтээн байгуулалт болсноороо онцлог ажээ.