Хэдэн жилийн өмнө Америкийн Нэгдсэн Улсад тулгамдаж байсан хамгийн аюулт заналхийлэл нь коммунист үзэл суртал байсан билээ. Харин өнөөдөр энэхүү заналхийлэл нь авторитор удирдагчид засгийн газрын эрх мэдлийг ашиглан ашиг хонжоо, давуу байдал олж, улс төрийн өрсөлдөгчийг дарамталж буй улс төрийн авлига болсон байна.
Авлигач удирдагчид түүнийг дэмжигч сүлжээний тусламжтайгаар дамжуулан эрх мэдэл авч хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, хулгайлсан хөрөнгөө нуун далдалж байна. Эдгээр авлигач удирдагчид мөн стратегийн авлигыг гадаад бодлогын хэрэгсэл болгон ашиглаж заншжээ.
Авлига нь энгийн ард иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бөгөөд ардчиллыг алдагдуулж, хууль дээдлэх ёсыг үнэгүйдүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй, шуурхай хүргэх боломжийг үгүй хийж байгаа нь цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийтэд цацагдаж буй мэдээллээс харагдаж байна. Мөн энэ нь нийгмийн хуваагдлыг ашиглах, эрх чөлөөг хясан боогдуулах, төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашиглах зорилготой авторитар оппортунистуудад эерэгээр нөлөөлж байна.
Үүнээс гадна авлига нь Америкийн Нэгдсэн Улсын ардчилал, хөгжил цэцэглэлт, тус улсын холбоотнуудын хөгжилд илүү өргөн аюул заналхийлэл учруулж байгаа юм. Хүний наймаа, хар зах, терроризм гэх мэт үндэстэн дамнасан бараг бүхий л аюул заналхийлэл авлигатай салшгүй холбоотой байдаг.
Авлигатай тэмцэх үйл ажиллагаа аажмаар боловч гарцаагүй байдлаар дэлхий дахинд эрчимжиж байна. Оросын Холбооны Улсад активист Алексей Навальныйгын илчилсэн авлигын хэргийн мэдээллийн улмаас тус улсад системтэйгээр ард иргэдээс хулгай хийдэг улс төрийн өндөр албан тушаалтнуудын эсрэг олон нийтийн эсэргүүцэл бий болсон. Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн 32 улсад авлигын эсрэг эсэргүүцэл өрнөжээ.
Хэдийгээр авлигатай тэмцэх үйл ажиллагаа эрчимжиж буй шинж тэмдэг илэрч байгаа боловч авлигыг үндсээр нь устгах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Энэхүү тэмцлийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-аас авлигын эсрэг реформ хийгчдэд богино хугацаанд туслах боломжтой байх шаардлагатай.
Шинэчлэлийн боломжийг ашиглах
АНУ нь одоогийн байдлаар 115 сая ам.долларыг олон улсын авлигатай тэмцэх хөтөлбөрт зарцуулдаг. Гэвч бид олон улсын эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрт 9.5 тэрбум ам.доллар зарцуулж байна. Харамсалтай нь авлигатай тэмцэх хөтөлбөрт зарцуулж буй ихэнх санхүүжилт нь засаглалын үйл ажиллагааг шинэчлэлийн гэнэтийн боломжуудад хариу үйлдэл үзүүлэх боломжгүй урт хугацааны техникийн хөтөлбөрт ордог.
Эрдэмтэн, мэргэжилтнүүд авлигатай тэмцэх шинэчлэлийг үргэлжлүүлэхэд түргэн шуурхай арга хэмжээ авах нь нэн чухал болохыг мэдэгдэж байна. Тус шинэчлэл хийгдэх боломж олдсон тохиолдолд реформ санаачлагчид олон нийтийн эрч хүчийг үр дүнтэй ашиглах үүднээс хурдан бөгөөд зоригтой ажиллаж авлигач төрийн албан хаагчид нөлөөллөө дахин тогтоохоос сэргийлэх ёстой.
Хэрэв АНУ нь энэхүү үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж реформ хийгчдэд туслалцаа үзүүлэхгүй бол авлигын эсрэг шинэчлэл хийхэд улам хүндрэлтэй болж клептократ авторитарууд байр сууриа улам бүр бэхжүүлэх болно. АНУ нь түүхэн боломжийн мөчид үр дүнтэй ажиллах үүднээс түргэн хэрэгжих боломжтой хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
АНУ-ын авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх “ОХУ болон бусад улсын клептократ үйлдэлтэй тэмцэх тухай буюу CROOK” хууль нь татвар төлөгчдөд нэмэлт дарамт учруулахгүйгээр активистүүд олон нийтийн санаа бодлыг хөшүүрэг болгон урт хугацааны тогтвортой шинэчлэл хийхэд туслалцаа үзүүлэх авлигатай тэмцэх үйл ажиллагааны сан бий болгох юм. Энэхүү санг Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль (Foreign Corrupt Practices Act) -ийн дагуу 50 сая ам.долларын торгууль ногдуулсан аж ахуйн нэгжээс 5 сая ам.долларын нэмэлт төлбөр авах замаар санхүүжүүлэх юм.
Сүүлийн 10 жилийн мэдээллийг үндэслэн үзвэл энэхүү хууль нь авлигатай тэмцэх олон улсын хөтөлбөрт жил бүр 16 сая ам.долларын санхүүжилт нэмэлтээр төвлөрүүлэх боломжтой. Авлигын эсрэг шинэчлэл хийгдэх боломж үүсэх хүртэл тус сангийн хөрөнгө хуримтлагдах бөгөөд шаардлага тулгарсан тохиолдолд хууль дээдлэх ёс тогтоох зорилгоор түргэн шуурхай ашиглах юм.
Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах
Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль нь авлигыг хэзээ ч гадаад улсад экспортлохгүй гэсэн АНУ-ын амлалтыг илэрхийлдэг. Энэ нь “Бүс ба Зам” санаачлагаар дамжуулан авлигыг гадаад улсад чадварлаг экспортдог БНХАУ зэрэг клептократ гүрнүүдээс АНУ эрс ялгаатай болохыг харуулж байна. Харамсалтай нь Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль нь АНУ-ын халаасыг түнтийлгэх хэрэгсэл гэсэн худал мэдэгдлийг зарим холбоотнууд хийсэн. “CROOK” хууль нь Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуулийн дагуу оногдуулсан торгууль, төлбөрийн тодорхой хувийг АНУ-ын холбоотнуудад авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор туслалцаа үзүүлж энэхүү мэдэгдлийн хуурамч гэдгийг батлах болно.
Цаашлаад Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хууль нь зөвхөн авлига өгч буй аж ахуйн нэгжийг хянан шалгаж, авлигын эх үүсвэр болсон авлигач албан тушаалтнуудыг орхигдуулдаг гэх олон жилийн турш шүүмжлэл дагуулж байсан үзэл бодлыг үгүйсгэх юм. Мөн “CROOK” хууль нь хууль дээдлэх ёсыг бататган бэхжүүлж албан тушаалтнуудыг хээл хахууль нэхэхээс урьдчилан сэргийлж АНУ-ын бизнес эрхлэгчдэд илүү тэгш бололцоог бүрдүүлнэ.
Транспэрэнси Интернэшнл Америк, Санхүүгийн хариуцлага ба байгууллагын ил тод байдлын эвсэл (FACT) зэрэг олон улсын нэр хүнд бүхий авлигатай тэмцэх чиг үүргийн байгууллагууд бүгд тус хуулийг дэмжсэн байна. АНУ-ын Хельсинкийн комиссоос гарсан олон хууль тогтоомжтой адил энэхүү хуулийн төсөл Танхим болон Сенатад хоёр намын дэмжлэгийг авсан юм.
Авлигатай тэмцэх ажиллагаа нь АНУ-ын хувьд зайлшгүй шаардлагатай хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Энэхүү тэмцэлд тохирсон нөөцийг хуваарилах нь гадаад улсад сайн засаглалыг ахиулж, илүү тогтвортой ертөнцийг бий болгох багахан хэмжээний төлбөр юм. Энэхүү хуулийг батлах нь зөв чиглэлд ажиллах үндсэн алхам болно.