Оюутолгой төсөлтэй холбоотой татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана
Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.
Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.
“Оюу Толгой” ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар “Оюу толгой” ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.
Гэвч “Оюу толгой” ХХК 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай[1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.
[1] Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан.