НийтлэлБайгаль орчинОнцлохНийслэл

Долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум, суурин газар есөөс дээш баллын бүс нутагт оршиж байна. Харин долоогоос дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт хүн амын 86 хувь нь амьдарч байна гэсэн судалгааг хамгийн сүүлд буюу 2019 онд гаргажээ.

ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистикаар бол жилд дунджаар 60 орчим мянган удаа чичирхийлэл болдог аж. Үүнээс харвал урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлал бүхий голомт идэвхжиж, магнитут нь 6.5-6.8 хүчтэй. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд 9-10 баллын доргилт үүсгэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Тэгвэл сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж, балл нэмэгдэж тэр хэрээр иргэдэд хүчтэй мэдрэгдэх боллоо. Хамгийн сүүлд гэхэд уржигдар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар 5.5 магнитудын газар хөдлөлт болов.

Гэтэл ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь зургаан балл, 52 хувь нь долоо, 23 хувь нь найман баллын бүсэд хамрагддаг. Тодруулбал, зургаан  баллын бүсэд – Баянзүрх дүүргийн XII хороолол, Баянгол дүүргийн III, IY хорооллын зарим хэсэг, долоон баллын бүсэд- Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг бүхэлдээ, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг, найман баллынхад I, X хороолол,  Дунд гол,  Туул,Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хэсгийн газрууд ордог байна.

Гэтэл газар хөдлөлтийн зургаан баллаас дээшхи тохиолдол сүүлийн 20 жилд 40 гаруй удаа болсон бол найман баллаас дээш хүчтэй газар хөдлөлт дөрөв болжээ. Магнитуд нь дөрөв хүрсэн газар хөдлөлт 2008 онд Хустай нуруунд, Батсүмбэрийн нутагт болон 2009 онд Улаанбаатар хотоос урагш Авдар уул орчимд болсон нь хотын оршин суугчдад мэдрэгдсэн нь нийслэлд газар хөдлөлтийн аюул ойрхон байгааг сануулж байна.

Манай улс 1960 оны эцсээс баригдсан барилгуудад газар хөдлөлтийг тооцож эхэлсэн боловч судалгаагаар газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг дааж чадах эсэх нь тодорхойгүй. Улаанбаатарт болзошгүй газар хөдлөлтийн улмаас нийт барилга байгууламжийн 70 гаруй хувь, хүн амын 5-6 хувь нь өртөх магадлалтай гэсэн судалгааг гаргажээ.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, 120 хороогоор авч үзэхэд нийт барилгын 67 хувь нь тоосгон, үлдсэн хэсэг нь угсармал панелэн болон бусад төрлийн хийцтэй барилга эзэлж байна. 2007 оны тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4.6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байв.

“А” хэв шинжийн буюу тооцоогүй барьсан барилга байгууламжуудыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 22,1 хувь, Чингэлтэйд 34.3 хувь, Сүхбаатарт 14.3 хувь, Хан-Уулд 9.9, Баянзүрхэд 5.4, Сонгинохайрханд 13.8 хувь байна. Хотын 2897 барилга байгууламжийн болзошгүй хүчтэй хэлбэлзлийг даах чанарын судалгаагаар ”сайн”-683, “муу”-2174 гэж гарчээ.

Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй 1961 оноос өмнө баригдсан 152 барилга, 1961-1973 онд баригдсан 111 барилга,  газар хөдлөлтөд аюултай 1961-1973 онд баригдсан 15 барилга, 1973-1987 онд баригдсан 89 барилга Улаанбаатар хотод байдаг гэсэн тооцоо гарсан байна.

Болзошгүй хүчтэй хэлбэлзлийн үед Улаанбаатар хотын даац муутай угсармал, төмөр бетонон барилгууд нь хэв гажилтын түвшингийн хязгаараас хэтэрснээс нийтдээ бүрэн эдвэрч нурна гэж шинжээчид үзэж байгааг ч тайланд дурджээ.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын гүүрүүдийн 60 хувь эвдэрч нурах магадлалтай тул дэлхийн 30 гаруй орны туршлагаар богино хугацаанд угсардаг зөөврийн гүүр барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагын анхааруулга сэрэмжлүүлгийг хүлээхээс илүү өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага тулгарлаа.

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Энэ хүрээнд энэ оны гуравдугаар сарын 25-ны 16:00 цагт иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмж хүргэх зорилгоор дуут дохиог ажилуулна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.3.25 ПҮРЭВ № 58, 59 (6535, 6536)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close