Эдийн засагОнцлох

10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа.

 Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олголоо.  Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үг юм.

Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ гуравдугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол, 22-ны мэдээгээр 41.8 тэрбум төгрөг болж хурдацтай нэмэгдсэн байна. Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Түүнчлэн 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар  361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. 

Цаашид, Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Улмаар цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын уялдааг сайжруулж, үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close