Ханбогд суманд 31 иргэнийг тусгаарлаж, зарим сумдад нэвтрэхийг хоригложээ
Ханбогд сумын Онцгой комиссын мэдээлснээр “Оюутолгой” ХХК-ийн уурхайн бүсэд коронавируст халдварын батлагдсан тохиолдолтой ажлын байр нь ойролцоо далд уурхайн 27 ажилчин, ойр харьцсан 4, нийт 31 хүнийг гэрийн тусгаарлалтад оруулж, 7 хоногийн дараа дахин шинжилгээ авахаар болжээ.
Мөн тухайн үед нэг ээлжинд ажиллаад буусан нийт 317 хүнээс PCR шинжилгээ авсан байна. Үүнээс бусад ажилчдын хувьд шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах шаардлагагүй гэж Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу шийдвэрлэжээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан шинжилгээ авах шаардлагатай иргэдээс шинжилгээг бүрэн хийж дуусаагүй тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэг хоногоор хойшлуулсан гэж тус сумын Онцгой комисс мэдээлсэн юм.
Мөн аймгийн Шуурхай штабын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар 5 суманд нэвтрэх бичиг олгохыг зогсоолоо гэж Даланзадгад сумын Шуурхай штабаас мэдээллээ. Уул уурхайн бүс нутаг болох Цогтцэций, Ханбогд, Гурвантэс болон иргэд олноор зорчин өнгөрдөг Цогт-Овоо, Манлай сум руу ийнхүү нэвтрэхийг хориглосон байна.