Дайчид буудлага, гранат шидэлтээр өрсөлдөв
Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 167, Хилийн цэргийн 0131, 0166 дугаар ангиудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд буудлага, гранат шидэлтийн тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлж, сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд анги тус бүрээс 10 байлдагч оролцож, цэц мэргэн, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Гранат шидэлтийн төрөлд тэргүүн байрт байлдагч Г.Сумъяадорж (167), дэд байрт түрүүч Ш.Шинэхүү (0166), гутгаар байрт түрүүч М.Алтангэрэл (0166), тусгай байрт байлдагч Б.Багахүү (0166), байлдагч Ш.Батцэрэг (0131) нар шалгарав.
Буудлагын төрөлд тэргүүн байрт байлдагч М.Эрдэнэдалай (0131), дэд байрт байлдагч Г.Баяржавхлан (167), гутгаар байрт байлдагч И.Сүхбат (167), тусгай байрт дэд түрүүч С.Ууганбаяр (0166), байлдагч Б.Пэрэнлэйдорж (167) нар шалгарч, “Онц буудагч” тэмдгийн эзнээр тодорсон юм.
Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Амаржаргал нар гардуулан өгч, түүхт 100 жилийн ойн босгон дээр үеийн нөхдөөсөө ур чадвараараа тэргүүлсэн явдалд баяр хүргэсэн юм.
Дэд хурандаа Д.Уламбаяр (Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб)