Нийгмийн даатгалын дэвтрийг цахим болгосноор ямар давуу талууд бий болж байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээлжээ. Тухайлбал, иргэн даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авахаас гадна дэвтэртээ бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин дугаарлаж цаг үрэхгүй болсон.
Мөн шинэ дэвтэр авах болон хаяж үрэгдүүлсэн тохиолдолд лавлагаа авах, баталгаажуулахад цахим үйлчилгээний олон суваг ашиглах, даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах боломжтой аж.
Ажил олгогчдын хувьд нийт 49 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хэмнэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилжээ. Түүнчлэн, ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргаснаар тушаал, шийдвэрийн бичилт хийхгүй орхих, ажилтнаас тушаал шаардах, хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх юм.
Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх, даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192 мянган сайн дурын, нийт 1,2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийхийг хөнгөвчилжээ. Нийгмийн даатгалын байцаагч даатгалын ач холбогдлыг сурталчлах, даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэж байна.
Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах аж.