Хууль эрх зүйFocusШинэ мэдээ

ЗХЖШ-т шаардлага, ХХЕГ-т зөвлөмж хүргүүлэв

Цэргийн алба хаагчид албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, дүрмийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад буй Зэвсэгт хүчний …дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгэндээ хүнлэг бус харилцсан дүрс бичлэгээс хүний эрхийг ноцтой зөрчих явдал далд оршсоор байгаа нь тодорхой харагдаж байна.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг шаардаж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт Шаардлага, Хил хамгаалах ерөнхий газарт Зөвлөмж хүргүүллээ.

Тус Шаардлагад:

  1. Хүний эрхийн сургагч багш нарын үйл ажиллагааг эрчимжүүлж, офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цэргийн анги, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
  2. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааг илрүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нууцыг чанд хадгалах, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, энэ талаар нийт бүрэлдэхүүнд танилцуулах;
  3. Хүний эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, өөгшүүлэн дэмжиж, захирах, захирагдах ёсны үзэл санааны дор зөвтгөж болохгүй бөгөөд цэргийн анги салбарын удирдлагын болоод дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлэн шалгуулдаг байхыг тусгалаа.

Шаардлагын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг 21 хоногийн дотор ирүүлэх хуулийн заалттай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close