“Оюутолгой” ХХК 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж эхэллээ
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан. Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.
Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.
Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.
Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.
Монгол Улсын Засгийн газар
2021 оны 02 дугаар сарын 26