Гадаад харилцааБоловсролОнцлохШинэ мэдээ

ХААИС-д “МАА-н цахим сургалтын төв” нээгдлээ

Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт Малын Эрүүл Мэнд Төслийн санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуульд “МАА-н цахим сургалтын төв”-ийг байгуулж, /2021-02-05/ нээлтээ хийлээ. Нээлтэд Швейцарын Хөгжлийн Агентлагийн дарга Stephanie Burri,  НАМЭМ төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, төслийн мэргэжилтэн Г.Байгалмаа, ХХААХҮЯ-ний Малын генетик нөөцийн хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөнхий мал зүйч Д.Батсүрэн, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан болон ХААИС-ийн удирдлагууд  оролцож, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, аймгуудын ХХААГ-ын мэргэжилтнүүд цахимаар холбогдож, санал сэтгэгдлээ хэллээ.

Тус төв нь шат шатны малзүйч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, МАА-н салбарыг цахимжуулах зорилгоор байгуулагдаж буй юм. Ухаалаг самбар, 20 суурин компьютер, сургалтын холбогдох бусад материал бүхий “МАА-н сургалтын цахим төв” байгуулагдан ашиглалтад орсноор ХААИС-ийн эрдэмтэн багш нарыг түшиглэн тус сургалтын төвд мэргэжлийн ангийн оюутнууд, малзүйч мэргэжилтнүүдийг цахим орчинд “Сүргийн эргэлтийн аргачлал, программ”-ын  чиглэлээр тогтвортой сургах боломж бүрдлээ.

ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт хэлсэн үгэндээ, Манай сургууль Швейцарын Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт Малын Эрүүл Мэнд Төсөлтэй 8 дахь жилдээ хамтран ажиллаж байна. “Мал, амьтны генетик нөөцийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бэлчээрийн монгол малын “Сүргийн эргэлт”-ийн программыг туршиж,  хөгжүүлэх ажлыг 2019, 2020 онд ШХА, ХААИС-ийн хамтран хэрэгжүүлсэн “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл, Мерси Кор ОУБ-тай хамтарсан гэрээт ажлуудын хүрээнд хийж гүйцэтгэсэн.

Цаашид бүх аймаг, сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажлын үр дүнг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд орон зайнаас үл хамааран суралцагч болон мэргэжилтнүүдийн ур чадварыг дэмжих, дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага, Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж буй цахим шилжилттэй холбоотойгоор үүнд дасан зохицсон, тасралтгүй суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага бий болж байна. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхэд энэхүү “МАА-н цахим сургалтын төв” чухал үүрэгтэйг онцоллоо.

Монгол малын “Сүргийн эргэлт”-ийн заавар, цахим программыг боловсруулахад, ХХААХҮЯ, ХААИС, МААЭШХ, Мал зүйч үржүүлэгчдийн холбооны 21 мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг байгуулан ажиллаж, үр дүнг ХААИС-ийн МААБС, МААЭШХ-ийн эрдмийн зөвлөл, ХХААХҮЯ-ны МАА-н газар, Бодлого төлөвлөлтийн газрын хамтарсан хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Тус программыг хөгжүүлж, нэвтрүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлтийг улсын хэмжээнд норм, норматив, стандарт үзүүлэлтүүдийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, нэгдсэн арга зүйгээр боловсруулж хэвших, бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах, шаардлагатай нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг тооцох, цаг хугацаа хэмнэх, мэдээллийн сан бүрдэх, дахин засвар хийх, шинэчлэх, тайланг хэвлэж авах зэрэг боломж бүрдэх юм.

Мөн малзүйч мэргэжилтнүүд сүргийн эргэлтийн төлөвлөлт хийх, орон нутагт мал аж ахуй эрхлэх сайн туршлага, загварыг нэвтрүүлэх мэдлэг, чадвартай болсноор үйлчилгээ авах, хамтран ажиллах хэрэгцээ сонирхолтой малчид, мал аж ахуй эрхлэгчдэд зөвлөх, нэвтрүүлэх экстейншн үйл ажиллагаа хөгжиж, тогтвортой ажиллах суурийг бэхжих үндэс болно.

Хамтарсан төслийн хүрээнд 10 аймгийн 100 гаруй сумдын МАА-н мэргэжилтнүүдэд анхан шатны сургалт зохион байгуулсаны зэрэгцээ тус аргачлал, программын талаар видео хичээлүүд хийж youtube-д байршуулж, мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага материалыг боловсруулж  хэвлүүлжээ.

Эх сурвалж: ХААИС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close