Хүүхдийн шинэ эмнэлэгтэй боллоо
Өнөөдөр Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчилсэн 140 ортой Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа хийж байгаа томоохон бүтээн байгуулалт болох тус Хүүхдийн эмнэлэг нь дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, “Манай дүүрэг хүн ам ихтэй учраас хүүхдийн эмнэлэг хүрэлцдэггүй. Дүүргийн хүн амын тал хувь нь буюу 15 хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор тус дүүргийн хүүхдүүдэд үйлчлэхээс гадна ЭХЭМҮТ, бусад дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг хуваалцаж байгаа гэдгээрээ нийслэлийн хувьд их ач холбогдолтой” гэв.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, “Хуучин Эрүүл мэндийн зургадугаар төвийн суурин дээр барьж буй Ахмад настны нөхөн сэргээх төв, 100 ортой хүүхдийн эмнэлэг ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ 100 хувьд хүрнэ” хэмээн тодотгов.
Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, шинээр 50 эмч, эмнэлгийн ажилтны орон тоо нэмэгджээ.
Тус Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн таван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллах юм байна.