Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа дэлхийд үнэлэгдэн хэрэгжиж эхэллээ
Монгол, Японы эрдэмтэд бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах зорилготой хамтран ажиллаж байна. Монголын эрдэмтдийн боловсруулсан “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэж Монголын эрдэмтдийн хамтарсан баг Японы тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхлээд байна.
Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрт 2019 онд Биологийн нөөц чиглэлд 42 төсөл өрсөлдсөнөөс 3 төсөл шалгарсны нэг нь болсон юм.
Төслийг МУИС-ийн профессор Ж.Батхүү удирдаж байгаа бөгөөд төслийн багт ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Эко системийн судалгааны төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малын тэжээлийн шингэцийн лаборторийн тэргүүлэх эрдэмтэд, Япон улсын талаас Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургуулийн тэргүүлэх эрдэмтэд мөн тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн, зарим компани, аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна.
“Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” сэдэвт төслөөр эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан, малын эрүүл мэндэд ашиг тустай бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг тандан судлах замаар бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулж, ХАА-н салбар, малын эмнэлгийн практикт нэвтрүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт бэлчээрийн 22,6% нь буюу 25 сая га нь доройтсон байна. Сүүлийн 20-иод жилийн хийсэн судалгаа, тандалтаар энэ хэмжээний бэлчээрийн газар байгалийнхаа жамаар сэргэх боломжгүй болсон учраас дээрх төслийн үр дүнд ач холбогдол өгч байгаа юм. Төсөл таван жилийн турш хэрэгжих бөгөөд жилдээ ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжинэ.
Энэхүү төсөл нь Засгийн газраас дэвшүүлж буй эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хамтарсан судалгааг хөгжүүлэх, тэдний хамтран ажиллах соёлыг төлөвшүүлж, хүний нөөцийг зөв бодлого, үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтын тогтолцоог шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын салбарт бий болгох бодлого, зорилтыг хангахад түлхэц өгөхүйц жишиг болж байгаагаараа онцлог юм.