УИХУИХОнцлохШинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл санаачилсан хуулийн төслөө өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.01.26) өргөн мэдүүлэв.

Дэлхий дахинд мэдээлэл, түүнд хийгдэж буй олборлолт, шинжилгээний ажлын үнэлэмж, үнэ цэнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ удаагийн Улсын Их Хурал анх удаа өөрийн бүтцэд Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулж, төр бүхий л шатандаа дижиталчлал, цахим шилжилтийг урамшуулан өөрийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн сүүлийн жилүүдэд залуучуудын дунд дата, өгөгдөл дээр тулгуурласан бизнес эрхлэх сонирхол нэмэгдэж, төрд хуримтлагдаж буй харилцагчийн хувийн мэдээлэл ХУР, ДАН системийн өгөгдөлд үндэслэн зээл олгох мэт үйлчилгээ, бизнесүүд өргөжиж байна.

Гэвч ХУР, ДАН зэрэг хувийн өндөр түвшний статистик мэдээллээс илүү сайн боловсруулагдсан зарим төрлийн мэдээллийг төрд үүсэн буй өгөгдлийг ашиглан борлуулж, улсын төсөвт шинэ орлогын эх үүсвэр бий болгох, мэдээллийг ашиглагч бизнесүүд, старапуудад өгөгдөл олборлолт, шинжилгээ хийх түүхий эдийг бий болгох шийдлийг бүрдүүлэхээр уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан тухайгаа төсөл санаачлагч дурдав.

Төрийн дэд бүтцийг ашиглан бий болж буй цахим татварын систем Еbarimt.mn дээр үүсэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх өгөгдлүүд, улсын бүртгэлийн байгууллагад байгаа эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, мөн гаалийн байгууллагад байгаа бүтээгдэхүүнүүдийн нарийвчилсан импорт, экспортын мэдээлэл зэрэг бизнес эрхлэгчдэд өдөр тутам шаардлагатай, боловсруулалт, үр дүнгээс нь өндөр өгөөж хүртэж болохуйц өгөгдлүүдийг өнөөг хүртэл нээлттэй болгоогүй байна.

Тиймээс эдгээр өгөгдлийг нээж өгснөөр бизнес эрхлэгчид, тэр тусмаа шинээр бизнес эхлүүлэхээр зорьж буй стартапуудын хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх, бүтээмж сайжрах боломж бүрдэж, улсын төсөвт орлогын шинэ боломж бий болно гэж төсөл санаачлагч гишүүн үзэж байгаа аж.

Уг хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай байгаа, боловсруулалт, дүн шинжилгээ хийж чадвал үр дүн, үнэ цэнээ өгөх НӨАТУС дээр үүсэн хуримтлагдаж буй барааны бүлэг, бүтээгдэхүүний нэр, төрлийн борлуулалтын мэдээлэл, улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэл дээр үүсэж буй үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, үнэлгээ тогтоох зохицуулалтыг шинээр тусгажээ.

Хуулийн төсөл батлагдснаар бизнесүүдийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжрах, өгөгдөл, мэдээлэл дээр ажилладаг шинэ бизнесийн төрлүүд нэмэгдэх боломж бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close