“Шинэ институт“ байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Гарын үсэг зурах ёслолд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ болон тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Төв банкнаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаа ба оролцогч талууд дараах ажлуудыг хамтран гүйцэтгэх болно. Үүнд:
- ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсад мэргэжлийн “Шинэ институт” байгуулах, Банк санхүүгийн академийн шинэчлэх төслийг хэрэгжүүлэх,
- Бүх түвшний банкны ажилтнуудад зориулсан стандартчилагдсан сургалт, хөтөлбөр боловсруулах;
- Банкны салбарын бүх ажил мэргэжлээр ажиллахад шаардлагатай ур чадварын суурь стандартуудыг тогтоох;
- Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих “Банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт”-ын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг тогтвортой хадгалах;
- “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяныг үргэлжлүүлж, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо болон арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулж, хамрах хүрээг тэлэх гэх мэт ажлууд багтаж байна.
Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ сантай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх, онол практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар төслийн үр дүн, туршлагыг төслийн үр дүн, туршлагыг илүү урт хугацаанд, тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм гэж Монголбанкнаас мэдээллээ.