Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар зохион байгуулна
Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос /2021.01.13/ хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын эгнээг өргөжүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, энэхүү оюуны спортыг залуу үедээ өвлүүлж сургах зорилгоор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгож зохион байгуулж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 9 дэх удаагийн уламжлалт тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлээд байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэвлэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Харин Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат Монголын шатрын холбоо 2020 онд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан онлайнаар олон удаагийн тэмцээн зохион байгуулсан. Энэхүү туршлагадаа тулгуурлан Үндсэн хуулийн өдрөөр Улсын Их Хурлын даргын ивээлд зохион байгуулагддаг шатрын уламжлалт тэмцээнийг онлайнаар явуулахаар тохиролцож, бэлтгэл ажлыг хангаад байгааг дурдлаа.
Дараа нь Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зөвлөх, олон улсын шүүгч Г.Алтан-Оч нар онлайн тэмцээний удирдамж, дүрмийн талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Уламжлалын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хамтран зохион байгуулах Шатар сонирхогчдын онлайн тэмцээний хагас шигшээ тоглолтыг 2021 оны 01 дүгээр сарын 16-17-ны аймаг, нийслэлийн шатрын холбоод орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болж, өнөөдрөөс бүртгэлийг эхлүүлээд байгаа аж.
Энэ жилийн уламжлалт тэмцээний нэг онцлог нь Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг туссад нь зохион байгуулах гэж буй явдал юм. Эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ, шигшээ гэсэн хоёр үе шаттайгаар, аймгууд болон нийслэлийн дүүргүүдийг дөрвөн бүс болгож явуулна. Харин эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулах юм байна.
Уламжлалын дагуу уг тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 1 жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчдын хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид lichess.org платформд бүртгүүлж, вэбкамер бүхий комьпютер ашиглаж оролцох боломжтой аж.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнээс шалгарсан 40 шатарчин болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 24 хүртэл шатарчин 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болох шигшээ тэмцээнд оролцож, 8 өрөг тоглож аваргаа тодруулна. Харин эмэгтэй шатарчдын шигшээ тэмцээн энэ сарын 23-ны өдөр болох юм.
Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдад Улсын Их Хурлын даргын Өргөмжлөл, мөнгөн шагнал, эмэгтэйчүүдийн төрөлд шагналт шагналт байр эзэлсэн, мөн түрүү байр эзэлсэн ахмад шатарч, чансаа 1800 (эмэгтэй 1600) хүртэл болон чансаагүй шатарчин, түшээ нарт Улсын Их Хурлын Тамгын газрын Өргөмжлөл, тусгай шагнал олгох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.