НийтлэлFocusШинэ мэдээ

Ихэр хөвгүүд, ихэр цэргүүд


Зэвсэгт хүчинд жил бүр хэд хэдэн ихэр хөвгүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат алба хаахаар татагдан ирдэг билээ.

2019-2020 онд Зэвсэгт хүчний 338 дугаар ангид Э.Дээдлэхзаяа, Э.Дэлгэрэхзаяа хэмээх ихэр хөвгүүд хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан бол Зэвсэгт хүчний 110 дугаар ангид өдгөө Б.Хосбаяр, Б.Ихбаяр гэдэг яг л дээрх гэрэл зураг шигээ инээмсэглэсэн ихэр залуус алба хааж байна. Тэд царай төрх, бие хаа, нүүрний баясгалангаараа тунчиг төстэй санж. Ялгаатай ганц тал нь өндөр, нам гэнэ. Байлдагч Б.Хосбаяр нь бага зэргийг өндрийг эс тооцвол баргийн хүн ялгахааргүй адилхан юм байна.

Ихэр залуустай цахимаар төсөрхөн ярилцлаа. Тэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумынх бөгөөд аав А.Батдорж, ээж Б.Хишигт хоёр нь нутагтаа малаа маллаад, хөвгүүдийнхээ алба хааж байгаа зүгт өглөө бүр цайныхаа дээжийг өргөдөг гэж байна.

Энэ тухай байлдагч Б.Хосбаяр өгүүлэхдээ “Бид хоёр Цэргийн тангараг өргөх ёслолын үеэр аав, ээжийгээ хоёр хүүгээ хэрхэн сайхан эр цэрэг болсныг хараасай гэж их хүссэн. Даанч цар тахал гараад ар гэрээс хүмүүс ирэхийг хориглосон л доо. Гэхдээ халагдаж очоод аав, ээждээ цэргийн алба ямар сайхан газар болохыг өнгөтөөр нь ярьж өгнө өө” хэмээн инээмсэглэв.

Ихрүүдийн хамгийн санаж байгаа хүн бол тэдний дүү Б.Эрхэмбилэг. Энэ жил дөнгөж нэгдүгээр ангид орсон, бид хоёрын нуруун дээр л зүүгдэж явдаг жаахан “амьтан” гээд байлдагч Б.Ихбаяр дүүгээ дурсан эвийлэх ажээ.

Тэрээр “Цэргийн албанд их зүйл сурч байна. Цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна хувь хүний хөгжил, амьдралд хэрэгцээтэй зүйлсийг зааж, сургадаг юм байна. Наад зах нь хүнээс үг сонсох чадвар, гүйцэтгэх чадвар гээд нэрлэж болно. Бид хоёр өөрсдийгөө цэрэгт ирэхээс өмнөх ихэр, дараах ихэр гээд асар их ялгаа гарсан гэж боддог” гэлээ.

Анх цэргийн зарлан ирэхэд нь нэг нь үлдээд аав, ээждээ тусалъя хэмээн хоорондоо ярилцаж байтал аав нь “Хоёр хүү минь ханиндаа яв. Нэгнээ санана, та хоёр. Цуг байхдаа мэдрэхгүй байгаа ч элгээрээ та хоёр мэдэрнэ. Тэгээд ч цэргийн албаар дамжсан хүн эр хүн болж төлөвшдөг юм” гээд цугтаа цэргийн албанд нь мордуулсан гэнэ.


“Та хоёрыг онжавууд нь ялгаж байна уу” гэхэд байлдагч Б.Хосбаяр “Найзлаад ирэхээр ялгардаг. Гэхдээ би арай өндөр болохоор ялгахад амар байдаг. Анх бид хоёр цэрэгт ирээд бага зэрэг аминчхан байлаа. Хаа явсан, цуг. Одоо бол тус тусдаа онжавуудтай, нөхөрлөлийн хүрээ их өргөн болсон шүү. Манай ангийн захирагч, хурандаа Ц.Амарсайхан даргаас эхлээд удирдлагууд маань “Миний сайхан хөвгүүд” гэж хэлэхэд нь бид их дуртай” гэв.

Сонирхолтой нь ихрүүдийн хобби нь ч мөн адилхан юм байна. Тэр нь морин дэл дээр салхи татуулан давхиж, эмнэг сургах гэнэ. БНХАУ-ын ӨМӨЗО-ын Эрээн хотод наймаа эрхэлдэг хамаатных нь эгч ӨМӨЗО-д циркийн морь унаачийн сургуульд жил орчин суралцуулсан байна.

Багадаа ч аавынхаа уясан хурдан морийг унаж өссөн, бүр аль нь сумынхаа наадамд унаж уралдах вэ гээд бөөн “тэмцэл” болдог байсан, аймгийнхаа сагсан бөмбөгийн тэмцээн, уралдаанд хоёулаа идэвхтэй оролцдог талаараа ч ихрүүд баяртай нь аргагүй хуучиллаа. Эх орны ихэр хөвгүүдийн ойрын гол мөрөөдөл, зорилго нь “Аравт-2021” морин цэргийн олон улсын уралдаанд оролцож, үзэх тухай ажээ.

Хурдан морь унаж өссөн тэдний хувьд ЗХЖШ-аас хугацаат цэргийн алба хаагчдаа энэ уралдаанд оролцуулах боломжтой гэвэл биднийг заавал шалгаж үзээрэй гэдгээ ч ярилцлагадаа онцгойлон дурдаж байсан юм.


Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close