Дархан-Уул аймаг дахь кластер голомтууд хумигдлаа
Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 багийг бүрдүүлэн АОК, ЭМГ-тай хамтран ажилласан. Эдгээр багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, болон тандалт, хариу арга хэмжээний багтай шуурхай хамтран ажиллаж уг голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлалаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт Коронавируст халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг нийт 26 нэр төрлийн 400.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын 11 дүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт олгосны дагуу Нэгдсэн эмнэлгийн 371 ажилтан, Эрүүл мэндийн газрын 63 ажилтанд илүү цагийн хөлсийг тус тус тооцож олгожээ.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар ПГУ шинжилгээнд хамруулсан. 2020.11.11-ны өдрөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд – 33094, PCR шинжилгээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт–6618 /эерэг 41/, өргөжүүлсэн тандалтаар 18 цэгт PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторид – 21595 /эерэг 4/ тус тус хамрууллаа.
Дархан-уул аймгийн ЭМГ эрсдэлт бүлгийн хүн амын дундах байнгын болон идэвхтэй тандалтаар 12 дугаар сард нийт 3851 иргэнийг тухайлбал Эрүүл мэндийн байгууллагын нийт 102 эмч, ажилтан, эмнэлэгт хэвтэж буй 74 иргэн, эрсдэлт бүлгийн 3304 иргэнийг тус тус PCR шинжилгээнд хамруулсан байна. Цаашид эрсдэлт бүлгийн хүн ам буюу иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэндийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын дунд нийт 10000 иргэдэд идэвхтэй тандалт хийхээр төлөвлөж байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга н.Батцэнгэл мэдээллээ.