“ХАА-г хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах төсөл“-ийн анхдугаар хуралдаан боллоо
Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “ЖАЙКА”-тай “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хуралдааныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун удирдан явууллаа.
Хуралдаанд “ЖАЙКА” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Тамүра Эрико тэргүүтэй албаны хүмүүс, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох төлөөлөгчид оролцож, төслийг хэрхэн үр дүнтэй, оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Уг төсөл нь 2024 он хүртэл хэрэгжих бөгөөд импортоос хамааралтай зарим нэр төрлийн хүнсний ногоо, чацаргана, зөгийн бал, таримал ургамал, арьс шир, ноос ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэх мастер төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг ХХААХҮ-ийн салбарын бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, импорлогч улс орны стандарт, шаардлагыг судлан шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилт тавьж байна.