Төрийн соёрхолт, удирдаач Б.Ганбатад сэтгэлийн хандив өргөцгөөе
Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болоод байгааг уран бүтээлчид дуулгалаа.
Тэрбээр Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.
Түүний зохиосон “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал” /фолк жааз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жааз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь джаз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Тэрбээр Багшийн сургуулийн хөгжмийн ангид Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай нэгэн үеийн оюутнууд байсан төдийгүй тэд хамтдаа Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн түүхтэй.
Уран бүтээлийнхээ сүүлийн 30 жилд нь хөгжмийн удирдаачаар мэргэшин ажиллахдаа зах зээлийн хүнд үед “Баян Монгол” чуулгаа дахин сэргээн босгож, олон улсын эстрадын дуучдын уралдаан, 1960-1980-аад оны эстрадын ахмад дуучдын тоглолт зэргийг олонтаа зохион байгуулжээ. Монголын анхны жааз мюзикл болох “Moonlight serenade”, “Дэлхийн жааз ертөнц”, “Tropical jazz” гэх зэрэг тоглолтуудыг зохион байгуулж, дэлхийн жааз хөгжмийн урын сангаас монголын үзэгчиддээ толилуулсан уран бүтээлч.
Түүний удирдлага дор “Баян Монгол” чуулга нь олон улсын жааз хөгжмийн наадмуудаас гранпри шагнал болон дэд байруудыг удаа дараа хүртэж, Монголын жааз найрал хөгжмийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Хандивын данс:
Хаан банк: Ганбат Бадамдорж 5007039592
Голомт банк: Ганбат Бадамдорж 3405110803