ЯрилцлагаНийгэмУрлаг спортFocusШинэ мэдээ

Би хүүхдүүдэд итгэл, урам зориг өгөхийн төлөө хичээдэг

Энэ удаагийн зочны буландаа төгөлдөр хуурын яруу эгшгийг ирээдүй хойч үедээ зааж сурган монголын соёл урлагийн ертөнцөд хувь нэмрээ оруулж яваа чадварлаг, залуухан гал цогтой эмэгтэйг урин оролцууллаа. Мөнх Аялгуу төгөлдөр хуурын сургалтын төв нь өдгөө олон хүүхэд багачуудыг урлагийн ертөнцөөр аялуулж тэдний хүсэл мөрөөдлийн түлхүүр болсон газар юм. Өнгөлөг тансаг цэцэгсийг санагдуулам өрөө тасалгаанд байрлах төгөлдөр хууран дээр багш шавь нартаа сонгодог урлагийн сайхныг мэдрүүлсээр сууна. Ингээд багш төгөлдөр хуурч Мөнхтуяагийн ярилцлагыг хүлээн авна уу.

Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Намайг Эрдэнэбат овогтой Мөнхтуяа гэдэг төгөлдөр хуурч , Мөнх-Аялгуу төгөлдөр хуурын сургалтын төвийн багш.

Та хэзээнээс урлагийн зам руу орсон бэ? Манай ээж ДБЭТ -т ажилладаг байсан тул багаасаа дуурь балет тасралтгүй үзэж, урлагт дуртай хүүхэд байсан. Миний үндсэн мэргэжил бол өөр ч хүсэл сонирхол минь өөрийн эрхгүй татдаг вм байна. Би мэргэжлийн сургуульд суралцаагүй ч багаасаа төгөлдөр хуур тоглож, улам л хөгжүүлсээр ирсэн.

Та яг хэзээнээс мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор шийдсэн бэ? Би өөр мэргэжил эзэмшиж сургуулиа онц төгссөн ч гэлээ цаанаа төгөлдөр хуурийг илүү мэдэх юмсан гэсэн сэтгэл бодол үргэлж байдаг байлаа. Тэгээд 2007 онд шалгалт өгч тэнцээд СУИС-ын дуу хөгжмийн багш гэсэн ангид шалгалтаа өгөөд тэнцэж орсондоо. Тэгээд 5н жил сураад төгссөн.

Та одоо хэдэн шавьтай вэ? Би суралцаж байхдаа ч багшилдаг байсан ч төгсөөд албан ёсоор багш болсноосоо хойш одоог хүртэл 300-аад шавьтай болсон байна.

Таны хувьд олон улсын тэмцээн уралдаанд хэр оролцож байв? Миний шавь нар олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож байна. Би өөрөө ч олон улсын тэмцээнд оролцсоор ирсэн. Оролцсон тэмцээн уралдаан гэвэл олон бий.

Таны амжилтууд ? Хувийн амжилтуудаас гэвэл Испанид болсон тэмцээнд амжилттай оролцсон. Тэр үеэс хойш сайн бэлдвэл шавь нар минь ч амжилт гаргах боломжтой гэдгийг олж харсан. Тэгээд нас насны сурагч хүүхдүүдтэй ойролцоогоор 2 жил хичээллэсний дараагаар олон улсын тэмцээнүүдэд оролцуулах болсон. Хүүхдүүд маань хамгийн анх хүрэл медал авч байсан бол одоо мөнгө, алтан медал авсан. Манай хүүхдүүд европ гэлтгүй Америкт болсон олон улсын тэмцээнд 3н жил дараалан амжилттай оролцож алтан медал авсан. Нью Йоркийн Карнеги Халл –д тэмцээн нь болдог.

Хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцохын чухал ач холбогдол юу вэ? Хүүхдүүд яагаад энэ тэмцээн уралдаанд бэлдэж, оролцдог вэ гэхээр хамгийн түрүүнд хүүхдүүд маань зорилготой болж байна. Би хүүхдүүдэд энэ тэмцээнд бэлдэж, оролцоод амжилт гаргавал ямар үр дүн гарах талаар хэлж, хүүхдүүд урамшиж, сурах сонирхол нь илүү нэмэгддэг. Урьд нь оролцож байсан хүүхдүүдийг хараад зорилготой болчихдог.

-Таны бодлоор багшилахад хамгийн чухал зүйл юу вэ? Багш хүнд ур чадвар, сэтгэл байхаас гадна туршлага хэрэгтэ гэж би боддог. Би хүүхдүүддээ хичээл зааж байхдаа ч гэсэн хөгжөөд л явж байгаа. Миний хувьд хүүхдүүддээ итгэл найдвар өгөх нь чухал. Хүүхдэд чи урт удаан хугацаанд тэдэн жил сураад тийм хэмжээнд очно гэлгүй чамд боломж байгаа илүү хичээгээд бай гээд урам өгөхийг ч хичээдэг. Хүн бүрт заавал мэргэжлийн сургуульд сурахгүйгээр өндөр түвшинд очих боломж бий.

Таны хичээлд хамрагдсан хүүхдүүдийн хичээллэхээс өмнөх ба дараах ялгаа нь юу вэ? Хүүхдүүд хамгийн эхэнд сууж, анхаарлаа төвлөрүүлж сурдаг. Хөгжим өөрөө хүний баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж байдаг болохоор төгөлдөр хуур сурч байгаа хүүхдүүд бусад хичээлдээ ч гэсэн илүү сайн болоод эхэлдэг. Эцэг эхчүүд ч хэлдэг. Манай хүүхэд бусад хичээлдээ сайжирч байна, өөртөө итгэлтэй илүү нээлттэй болж байна гэдэг.

Та төгөлдөр хуураар тоглож байхдаа яг ямар мэдрэмж авдаг вэ? Төгөлдөр хуур хөгжим маань Чанга –Сул гэсэн ийм хоёр үгний нийлэмж. Хүн харахад хялбар юм шиг мөртлөө цаанаа мэдрэмжийг дээд цэгт нь хүргэдэг. Жишээ нь маш намуухан зөөлөн аяыг яаж тоглох уу? Эсвэл маш хүчтэй чанга аяыг яаж мэдэрч тоглох уу? гэдэг нь зөвхөн тоглогчоос шалтгаалдаг болохоор тэр аяыг тоглож байхдаа сэтгэлийн янз бүрийн мэдрэмжийг авдаг. Зохиол болгон чинь өөр өөр зохиомжтой, утга санаатай учраас үргэлж л өөр мэдрэмж авдаг . Хөгжимчин хүн нэг зохиолыг хэдэн ч янзаар тоглож болдог. Аз жаргалтай байх үедээ нэг өөр гунигтай байгаа үедээ нэг өөр гээд л янз бүр.

Таны хобби? Би нийгэмдээ гэрэл гэгээтэй эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Хобби гэвэл төгөлдөр хуураас гадна интерьер дизайн сонирхдог.

Насанд хүрэгчид таниар хичээл заалгадаг уу? Надад нас насны шавь нар байгаа бүр тэтгэвэрийн насны хүн ч бий. Би ийм ая тоглож сурах гэсэн юм эсвэл би ая тоглох хэмжээний болмоор байна гээд л . Би тэр хүмүүстэй онолын хичээл, нотыг нь хурдан хугацаанд зааж ойлгуулаад, зохиолууд дээр ажиллахыг илүүд үздэг.

Насанд хүрсэн хүмүүс тодорхой хэмжээний нотны мэдлэгтэй болоод хэдэн ая тоглож сурахад хэдий хугацаа ордог вэ? Гэртээ хөгжимтэй, өөртөө цаг зав гаргах боломжтой хүмүүсийн хувьд эхний 3н сард анхан шатаа нилээн гайгүй сурчих боломжтой.

Хүүхдүүдийн хувьд ? Нас насны онцлог болон тухайн хүүхдийн хүлээн авах чадвараас шалтгаалаад сурах хугацаа нь өөр өөр байдаг. Төгөлдөр хуур сурна гэдэг нь хүүхэд анх сургуульд орж сурахтай адил. Тиймээс хүүхэд, эцэг эхчүүд тодорхой хугацааны дараа шантрах гээд байдаг талтай. Тиймээс цаг хугацаа хэрэгтэй. Би тэдэнд жоохон тэвчээртэй хүлээцтэй байж, үр дүнг нь үзээрэй гэж хэлдэг. Бидэнд хамгийн гол нь үр дүн чухал шүү дээ.

Таны хувьд шавь нараасаа сонсож байсан хамгийн сайхан үг юу вэ? Олон улсын тэмцээн уралдаанд орсны дараа эсвэл төгөлдөр хуураа илүү сайн сураад урамшсан хүүхдүүд мааань багшдаа баярлалаа гэж хэлдэг л дээ . Гэхдээ би хүүхдүүдэд итгэл найдвар урам зориг өгөхийн төлөө илүү хичээдэг. Жишээ нь би нэг аяыг нэг сар заадаг байсан бол одоо тэр аяыг яаж хурданаар ойлгомжтойгоор 7 хоногт зааж сургах вэ гэдэгт анхаарч судлаад туршлагажаад явж байна.

Таны хувьд олон улсын тэмцээнд амжилт үзүүлэхэд хамгийн чухал нь юу вэ? Сэтгэлзүйн бэлтгэл их чухал. Маш удаан бэлддэг ч би сайн тоглож чадна гэж өөрийгөө зоригжуулах нь тэмцээний өмнөх бэлтгэл юм. Өөрийгөө ялан дийлж зоригжуулаад тайзан дээр гарах ёстой. Тэмцээн уралдаан бүр хүнд ямар нэгэн зүйлийг сургадаг.

Таны мөрөөдлийн ая юу вэ? Хамгийн том хэмжээний зохиол буюу сонат байна. Ганцаараа гоцлолоороо 40-50 минут үргэлжилсэн 3н хэсэг том зохиол байдаг. Түүнээс гадна төгөлдөр хуурын гоцлол тоглолтууд байдаг. Тэр зохиолуудыг гаргах оросын хөгжмийн зохиолч Рахманиновын төгөлдөр хуурын зохиолыг хэзээ нэгэн цагт тоглоноо л гэж боддог. Гэхдээ багшилж байгаа үед хажуугаар нь тоглогчийнхоо хувьд тоглолтын бэлтгэл хийнэ гэдэг бол маш их цаг хугацаа шаардсан зүйл байдаг.

Та багшлахаас гадна хийж байгаа зүйлээсээ хуваалцвал? Би саяхнаас сонгодог хөгжим тоглодог, мэргэжлээрээ төгсөөд ажиллаж байгаа, ажиллах хүсэлтэй ч нөхцөл боломж нь бүрдэхгүй залуучуудад зориулж сонгодог хөгжмийн холбоо гэж байгуулсан. Сонгодог урлагийг сонгон амьдралын нэг хэсэг болгон хөдөлмөрлөж байгаа залуучууддаа урам зориг өгөх, ажиллангаа уран бүтээлээ туурвих боломж нөхцөлийг нь сайжруулахаар төлөвлөж байна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу? Манай өвөө Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу овогтой Намжиг гэж хүн бий. Өвөө маань их хөдөлмөрч мундаг хүн. Эмээ маань ч бас ялгаагүй их хөдөлмөрч нямбай хариуцлагатай юмхнаар юм хийчихдэг тийм хүн. Харин ээжийн маань хувьд өөрөө урлагийн өгөгдөлтэй хүн л дээ. Хэдийгээр санхүүгийн мэргэжилтэй ч гэсэн төгөлдөр хуурийг мэргэжлийн түвшинд тоглодог тийм авъяаслаг хүн. Ээж маань урлагт хайртай болохоор насаараа монголын урлагийн байгууллагуудад ажиллаж байсан. Энэ нь бас намайг урлагийн хүн болоход их нөлөөлсөн гэж боддог. Би нэг хүүтэй хүү маань төгөлдөр хуур тоголдог. Хэрвээ хүү маань өөрөө хүсвэл цаашаа сураад урлагийн хүн болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүү маань урлагийн мэдрэмжтэй авъяастай аливаа зүйлийг амархан сурдаг.

Сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ? Хүүхдийн хүсэл мөрөөдлийг асааж өгч мөрөөдөл зорилгийг нь ойлгуулж чадсан хүн л минийхээр хамгийн сайн багшдаа.

Эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөмөөр байна вэ? Үнэхээр миний хүүхдэд хөгжим хэрэгтэй юу гэдгийг сайн судлах хэрэгтэй. Хөгжмөөр хичээллэсэн хүүхдүүдийг ажиглах хэрэгтэй. Тэгээд тухайн дугуйлангийн багштайгаа маш ойр байж сайн ойлголцох хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрсдөө сайн мэдээлэлтэй болсон байх шаардлагатай л даа. Тууштай байх хэрэгтэй. Замын дундаас няцаж болохгүй. Тухайн хүүхэд нь ямар ч хүн болохыг үгүйсгэхгүй. Хөгжим сурахын үр дүн нь нүдэн дээр ил байдаг.

Таны хамгийн ойрын төлөвлөгөө? Холбооныхоо хүрээнд олон улсын тэмцээнийг монголдоо зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаад бас оросоос 2 багш авчираад бэлдэж эхэлж байсан юм. Харамсалтай нь цар тахал гараад энэ ажил маань хойшлогдсон. Тиймээс ирэх жил энэ ажлаа гүйцээж хийнэ дээ. Олон улсын тэмцээнийг монголдоо зохион байгуулахад олон улсын чадвартай шүүгчид ирнэ. Тэд нараас бид суралцах нь чухал.

Ярилцлагын төгсгөлд та юу хэлэхийг хүсч байна вэ? Сүүлийн үед манай монголын нийгмийн байдал сэтгэл эмзэглүүлж байна. Энэ нийгэмд хүн байна гэдэг нь их чухал байна. Урлаг гэдэг зүйлээр өөрийн чадах зүйлээрээ энэ нийгэмд гэрэл гэгээг бий болгохыг зорьж явна. Төгөлдөр хуур гэдэг хаан хөгжмөөр дамжуулж ирээдүйг гэрэлтүүлж сайн сайн зүйлийг дэлгэрүүлэхийн төлөө хичээж явна даа. Тиймээс хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлээрэй гэж хэлмээр байна.

Ярилцсан М.Алтаншагай

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close