СурвалжлагаОнцлохОрон нутагШинэ мэдээ

Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо шинэ байртай боллоо

Намрын адаг сарын Шинийн 3–ний Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 19 ны  өдөр Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо өөрийн гэсэн байртай болж, нээлтийн ёслолоо хийлээ. Нээлтийн ёслолд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн, МБАНХ-ны УЗ-ын дарга Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал А.Отгонбаяр, Төв аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн, Увс нуур -Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, ахлах мэргэжилтэн Д.Тогтохбаяр, Давст сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн П.Мандахбаяр, Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн М.Давааням тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн: “2010 онд Ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр Увс аймгийн Бөхмөрөн болон Давст сумын  бэлчээр ашиглагчдын холбоо ТББ анх байгуулагдсанаар манай аймаг дахь малчдын байгууллагын суурь тавигдаж, тухайн ондоо аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаж байсан түүхтэй. Ногоон алт төслийн дэмжлэгтэй 18 аймагт Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдсан бөгөөд Увс аймаг өөрийн гэсэн байртай 7 аймгийн нэг болж байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төслөөс 2010-2017 хүртэл 1,2 тэрбум төгрөг, 2017-2020 он хүртэл 600 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөрийг Увс аймагт хэрэгжүүлээд байна. Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо нь 19 суманд Сумын бэлчээр ашиглагчдын холбоотой, 94 Бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, 6449 малчин өрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 19 сумаас 14 сум нь малчдад зориулсан өөрийн гэсэн мэдээлэл сургалтын байртай. Харин өнөөдөр 10 жилийнхээ ойн өдөр Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо өөрийн гэсэн шинэ байртай болж байгаад үнэхээр баяртай байна. Манай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны байрыг барихад санхүүжүүлсэн, газар олгосон, барьж өгсөн зэрэг бүхий л талаар тусалж дэмжсэн хүмүүстээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: “Сүүлийн 10 гаран жил хөдөө нутагт малчдын байгууллагууд үүсч хөгжиж байна. Эдгээр байгууллагууд малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрээ хайрлан хамгаалах үйлсийг олон нийтэд түгээх зорилгоор үүсгэн байгуулагдаж, аймаг сум орон нутагтаа тодорхой хувь нэмрийг оруулж явна. Энэ удаад манай баруун 7 аймгийн нэг болох Увс аймаг өөрийн гэсэн байртай болж, малчдад шаардлагатай мэдээлэл, сургалт явуулах боломжтой боллоо. Бид сүүлийн жилүүдэд малчдын бэлчээр нутгаа хамгаалах үйлсийг дэмжиж, “Бэлчээр ашиглах гэрээ”-г нэвтрүүллээ. Гэрээний дагуу малчид хэсэг бүлгээрээ дундын бэлчээрээ ашигладаг боллоо. Дундын бэлчээрээ хамтдаа ашиглахаар тогтсон малчид хамтраад Сумын засаг даргатайгаа урт хугацааны  гэрээ байгуулан ажиллаж байна. Уг гэрээндээ “Бэлчээрийг ашиглагч талууд тухайн газар нутгаа сэргээн сайжруулах, даацыг нь тохируулах, малын чанар ашиг шимийг нэмэгдүлэх” зэрэг асуудлуудыг тусгаж олон жил мөрдөн, хэрэгжилтийг хангаж явах нөхцлийг бүрдүүлээд байна. Мөн түүхий эдийн мөшгих тогтолцоог хөгжүүлсэнээр монгол малын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсад гаргах нөхцөл бололцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Увс аймагт үр бүтээлтэй амжилттай ажиллаж байгаа Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны  Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн болон Сумдын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нартаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажлын амжилтыг хүсье” гэв.

МБАНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа: “Бид саяхан л хөдөө орон нутагт малчдын байгууллагыг бэхжүүлэх гээд явж байсан санагдана. Хэдийнэ 10 жил ард үлджээ. Өнөөдөр 18 аймаг малчдын байгууллагатай болсон байна. Тэр дундаа баруун 7 аймагт Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумын бэлчээр ашиглагчдын холбооны байруудтай болсон байна. Энэ бол малчдын байгууллага цаашид хөгжин дэвшиж суурь тавигдсан гэсэн үг. Шинэхэн байрны нээлт хийж байгаа Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны хамт олонд өндөр амжилт хүсье. Увс аймгийн хөдөлмөрч ард түмэн минь та бүхэндээ ажлын өндөр амжилт гаргана гэж итгэж байна” гэлээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд МБАНХ-ны төлөөлөгчид Увс аймгийн Улаангом хотын “Номин Хайпермаркет”-д байрлах сарлагын хөөврөөр хийсэн бүтээгдэхүүний худалдаалдаг тасагт очиж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тус тасагт худалдаалж буй сарлагын хөөврийн бүтээгдэхүүнүүд нь МБАНХ-ны “Ногоон алт Дундын хоршоо”-ны шугамаар бэлтгэн нийлүүлэгдсэн түүхий эдээр хийсэн, гарал үүсэл нь тодорхой гэдгээрээ онцлог ажээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close