Ургац хураалтын явцад хяналт хийж байна
Ургац хураалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шинжилгээ хийж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Хархорин сумын газар тариалангийн бүс нутагт энэ оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэх, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээ хийж байна.
Хархорин сумыг 2018 онд газар тариалангийн бүс нутаг болгон тогтоосон бөгөөд аймгийн газар тариалангийн 95 хувийг дангаар хангадаг аж. Энэ онд Хархорин суманд 18 аж ахуй нэгж, 9 иргэн нийт 5400 га-д үр тариа, 227 га-д төмс хүнсний ногоо, 1270 га-д тэжээлийн ургамал, 1680 га-д тосны ургамал тариалж, ургац хураалтын ажил 80 хувьтай байгаа бөгөөд 10 аж ахуйн нэгж 2425 тонн ургац авч үүнээс 400 тонн улаан буудайг нөөцлөөд байгаа аж.
Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны газар тариалангийн бүс нутгийн 11 аж ахуйн нэгжийн 2020 оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэлт, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээг хийж байна.