Авто тээврийн үндэсний төвийг шилжүүлээ
Төрийн үйлчилгээг цахим болгосноор цаг хэмнэх, хүнээс хараат бус, авлигаас ангид байх гээд олон давуу талтай. Харин цахим хэлбэрийг дэмжихгүй монополь байдлаа ашиглаж хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг хувийн хэвшил байх ёсгүй. Үүний нэгэн жишээ нь “Хөсөг Трейд” ХК нь өөрийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулж байгаа тухай ШӨХТГ-т гомдол ирүүлсэн. Шалгалтын явцад Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон бөгөөд ААН-ийг хясан боогдуулах, зөвхөн өөрийн өнгө үзэмжээр хандаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулдаг байжээ.
Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрлах Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ мэт монополь байдлаа ашиглан иргэд, аж ахуй нэгжид хүндрэл учруулдаг, хувийн хэвшлийн компанид хяналт тавьж хэрэглэгчийн эрх ашгийг ханган ажиллах нь бидний үүрэг юм. Авто тээврийн үндэсний төв санаачлан энэ зөрчилд шуурхай хамтран ажилласнаар автотээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.