Г.Сайханбаяр: “Ахмадын зөвлөл”-ийг байгуулж ахмадуудтайгаа улам ойртож ажиллана
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрхэм хүндэт ахмадууд аа!
Эх орныхоо хөгжил дэвшил, улс орныг батлан хамгаалах үйл хэрэг, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд Та бүхэндээ “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 онд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын баяр” болгон дэлхий даяар албан ёсоор тунхаглан зарласны дагуу манай улс ахмадын баярыг 28 дахь жилдээ тэмдэглэж байна.
Ахмад үеийнхэн Та нарын маань халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, хайрлан хамгаалж, хийж бүтээж ирсэн бахархам үйлс бүхний ачаар Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин гэсэн их айлын үндэс суурь бүрэлдэн тогтож, өнөөгийн өндөрлөгт хүрснийг бахархан тэмдэглэхэд таатай байна.
Батлан хамгаалах яамны үе үеийн удирдлагууд ахмадын байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ахмадуудынхаа нийгмийн хамгааллын асуудалд анхаарал халамж тавих, тэдний бахархам амжилт, арвин туршлагыг залуучуудад өвлүүлэх, сурталчлан таниулах талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.
Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого” шинэ баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулсныг нийт ахмадууддаа дуулгахад таатай байна.
Энэхүү бодлогын баримт бичигтээ ахмад настны эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог идэвхжүүлэх, ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна Та бүгдийнхээ нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын зорилтуудаа тодорхойлсон.
Уг бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалахын сайдын дэргэд “Ахмадын зөвлөл”-ийг байгуулж ахмадуудтайгаа улам ойртож ажиллахаас гадна ахмад настнууддаа зориулж “Ахмадын өргөө” байгуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг олон ажлыг зорьж хэрэгжүүлэх болно.
Манай ахмадууд бахархан дуурсгах бүтээлтэй, бахдам сайхан дурсамжтай, үлгэрлэн дуурайх үнэт зүйлстэй эрхэм хүндтэй хүмүүс юм.
Та бүхний залгамж халаа болсон залуу үеийнхэн маань эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, улс эх орноо хөгжилд хүргэх томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцож Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.
Ахмад дайчид Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.