УИХЭдийн засагОнцлох

Мөнгөний бодлогын талаарх төслийг өргөн барив

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын дарга Г.Занданшатарт /2020.09.25/өнөөдөр өргөн барилаа.

Дотоодын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, Ковид-19 цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нѳлѳѳгѳѳр эдийн засагт оролцогчдын хүлээлт ѳѳрчлѳгдѳж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрѳг үр дагавар нь мэдрэгдэв. Энэ үед Монголбанк эдийн засгийн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх зорилгоор i) зах зээл дээрх хөрвөх чадварыг дэмжиж санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, ii) банкны хяналт шалгалтын журам болон шалгуур үзүүлэлтүүдэд түр өөрчлөлт оруулах, iii) зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөнгөний бодлого, макро зохистой бодлого, микро зохистой бодлогын багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Цаашид Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэрэгслээ ашиглаж, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорин холбогдох эрх бүхий байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

УИХ-д ѳргѳн барьсан тѳсѳлд Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8%-ийн түвшинд тогтвортой хадгалагдав. 2006-2016 онд жилийн дунджаар 10% буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ макро зохистой бодлогыг цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байлгах зорилгоор мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлалаа. 

Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, Ковид-19-ийн эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлууд төлөвлөгдөөд байна. Цар тахал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус хэдий ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлогo i) хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх, ii) түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх болно. Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлнэ. Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхийг зорих болно. 

Тѳв банк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хѳгжүүлэх, үндэсний тѳлбѳрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Цаашид Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close