Энэ оны эхний 8 сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл
Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулж байна.
Mөнгөний нийлүүлэлт 2020 оны 8 дугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.4%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 1.7 (58.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 383.4 (3.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 8 дугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 (0.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 876.9 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 (50.7%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 8 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.3 (0.03%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 153.7 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 8 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 22.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 53.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр өссөн байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 8 дугаар сард 2849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны 8 дугаар сард 411.18 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар суларсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 8 дугаар сард 38.60 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 2.6 хувиар чангарсан байна.