“Айлчлалд оролцсон бүх хүмүүс 14 хоног тусгаарлагдана”
БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын гадаад хэргийн сайдын манай улсад хийх айлчлал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр болж байна. БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхана. Айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа.
Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж сэтгэл санааны болон бусад төрлийн дэмжлэг тусламж үзүүлсэн. Энэ нь хөрш орнуудын харилцаанд түлхэц болсон арга хэмжээ болсон. Энэ айлчлалын хариу барьж байгаа айлчлал нь БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал юм. Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах учир аль болох цөөн хүн оролцуулахаар бэлтгэл хангаж байна.
Айлчлалын үр дүн юу байх вэ гэдгийг олон нийт сонирхож байгаа байх. Цар тахлаас урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан ахицыг бататгана. Мөн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрт түлхэц болно гэж үзэж байгаа. Түүнчлэн уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар хоёр тал ярилцах шаардлагатай байгаа.Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажллагааны баримт бичигт гарын үсэг зурна” гэлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Айлчлалыг маш өндөр халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Айлчлалын бүх бүрэлдэхүүнд коронавирус илрүүлэх лабораторийн PCR шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний хариуг 6-8 цагт багтаан гаргахаар бэлтгэлийг хангасан. Айлчлалыг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулах бөгөөд 24-78 цагийн өмнө айлчлалд оролцох бүх хүнд шинжилгээ хийх бол БНХАУ-ын талын хүмүүсээс ч мөн түргэвчилсэн шинжилгээг авна. Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүсийн байрлах байранд ЗӨСҮТ-өөс урьдчилан ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингээд айлчлал дууссаны дараа тэдэнд үйлчилсэн иргэд, арга хэмжээнд оролцсон хүмүүсийг манайд мөрдөгдөж буй журмын дагуу 14 хоног тусгаарлана халдваргүйжүүлэлт хийнэ. Халдварын голомт бүхий бүс нутгаас ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа ч айлчлалд оролцсон хүмүүсийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримталсан айлчлал байх тул 14 хоног тусгаарлахаар болсон” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгтэй уулзах уу. Уулзсан тохиолдолд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тусгаарлагдах уу?
ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар: -Төрийн гурван өндөрлөг өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг мөрдөж уулзалтад оролцоно.
ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: -Төрийн гурван өндөрлөгтэй уулзах асуудал одоогоор тодорхой болоогүй байгаа учир хариулт өгөх боломжгүй байна. Гадаад харилцааны сайд Т.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сард манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд манай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, Киргизэд айлчлах бөгөөд өмнө нь Европын холбооны хэд хэдэн улсад айлчилсан байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах эсэх нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна. Нэр нь тусгай үүргийн нислэгт орсон боловч санхүүгийн асуудалтайн улмаас тасалбараа авч чадаагүй 140 хүн байна. Есдүгээр сард Франкфуртын нислэгээр хүнд нөхцөл орсон 15 иргэний эх оронд нь авчрах зардлыг бүрэн болон хэсэгчилэн тусламж үзүүлэхээр болсон” гэлээ.