НийгэмFocus

Ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн дэх 24 элементийг өндөр нарийвчлалтай шинжилнэ

БНСУ-ын МИРЕКО /Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци/ болон КОТРА /Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг/ байгууллагаас хамтын ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харъяа ХАБҮЛЛ /Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори/-д нэн шаардлагатай ICP төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ төхөөрөмж нь бүх төрлийн ус, хөрс болон хүнсний бүтээгдэхүүнд нэгэн зэрэг 24 элементийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой бөгөөд хүнд металлийн шинжилгээний үзүүлэлт нэмэгдэж, цаг хугацаа хэмнэх нөхцөл бүрдэж байгаа юм. Тухайлбал, түүхий болон ундны ус, хаягдал усанд хэсэгчлэн ууссан /суспенз байдлаар/ хөнгөнцагаан, сурьма, хүнцэл, бари, кадьми, хром, зэс, төмөр, хар тугалга, никель, фосфор, селен, ванадий зэрэг элементийг түргэн хугацаанд, өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох аж.

Тус төхөөрөмжийг МИРЕКО байгууллагаас үнэ төлбөргүйгээр шилжүүлж, КОТРА байгууллага тээвэрлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээг хариуцан хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо тус төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНСУ-ын МИРЕКО байгууллага хооронд 2017 онд байгуулсан “Ашигт малтмал, газрын тос олборлолтын бүсийн уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд энэхүү багажийг шилжүүлэн өгчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close