Нүүрс тээврийн жолооч нар амрах цогцолбор төв ашиглалтад орно
Нүүрс тээврийн жолооч нарыг энэ сарын 15-наас эрүүл мэндийн үзлэгт хамруулж, мөн техникийн бүрэн байдлыг хангах үүднээс оношилгоонд оруулахаар болжээ.
Нүүрс тээврийн жолооч нар тоосжилт ихтэй орчинд олон хоног дугаарлаж зогсдог. Мөн “COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдалд тэдний эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байгааг тээвэрчдийн холбоо болон мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна. Үүний дагуу жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар болж, энэ ажлыг УУХҮЯ, ЭМЯ хамтран зохион байгуулах аж.
Мөн тэдний ажиллах орчныг сайжруулах зорилгоор хилийн бүсэд 2 мянган машины зогсоол бүхий жолооч нар амарч алжаал тайлах цогцолборыг төв удахгүй ашиглалтад оруулах гэж буй талаар УУХҮЯ-наас мэдээлж байна. Цогцолбор төв нь хоноглох байр, халуун усны газартайн зэрэгцээ олон төрлийн үйлчилгээ авах боломжтой байх аж.
Түүнчлэн ЗТХЯ, АТҮТ хамтран нүүрс тээвэрлэж буй ААН, компаниудын үйл ажиллагаа, машин, тээврийн хэрэгслийг аттестатчилж, техникийн үзлэг, оношилгоонд хамруулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар 13-14 мянган машинаар 20 гаруй мянган жолооч нүүрс тээвэрлэж байна.