Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Монголбанк Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ажиллана

Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал үүсгэх замаар иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсгэж байсан юм. Хэдийгээр төрийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн хэдий ч төлбөр төлөх үйлчилгээ нь цахимжиж чадахгүй байсан нь төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжих боломжийг хязгаарлаж байв.

Тус нөхцөл байдлыг өөрчилж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс тодорхой зохицуулалтыг бий болгон, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог гүйцэтгэх дэд бүтцийг бий болгосон. Ингэснээр Сангийн Яамны Төрийн сангийн газрын өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг Монголбанк картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэгбүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны мөн үеээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 75 мянган ширхэг төрийн үйлчилгээний гүйлгээ дамжсан байна. 

Одоогийн байдлаар Монголбанк нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, эдгээр байгуулагын зарим үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг гүйцэтгэж байна.

Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэж байна. Гэрээг байгуулан ажилласнаар тус газраас нэвтрүүлж буй ᠎E-Mongolia цахим порталаар дамжих бүхий л төрийн үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэх ба энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм. Өөрөөр хэлбэл 180 орчим төрлийн төрийн үйлчилгээний төлбөр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд тусна.         

Цаашилбал, Монголбанк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төлбөрийн картын системийг энэ ондоо багтаан бүрэн нэвтрүүлэх, мөн үндэсний төлбөрийн EMV chip стандарт бүхий Т картыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Ингэснээр Монголбанк нь Сангийн Яамны Төрийн сангийн газрын нэрийн өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг өөрийн картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэг бүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close