ЕрөнхийлөгчСурвалжлагаОнцлохФото сурвалжлагаШинэ мэдээ

Г.Оюун-Эрдэнэ: Монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлигийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг наймдугаар сарын наймны өдрөөс эхлэн засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан авсан ээжүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Т.ОДОНЦЭЦЭГ:

“…Яг Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авч байх үед дотор байгаа хөгжим, симфони оркестр маш гоё байсан. Оронгуутаа хамгийн түрүүнд дээшээ харсан чинь үнэхээр гайхалтай байсан. Хүндэт харуул зогссон нь үнэхээр сүрлэг, гайхалтай харагдаж байсан. Өнөөдөр миний сэтгэл маш их хөдөлсөн байна. Зүрх маань түг түг гээд л цохилж байна /инээв/. Үгээр хэлэхийн аргагүй маш сайхан байлаа. Өнөөдөр энд байгаа бүх ээж нар маань маш үзэсгэлэнтэй, харсан ээж болгоны царай инээд баяслаар дүүрэн байна.”

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН Э.БЯМБАСҮРЭН:

“…Дөрвөн сайхан хүүхдэдээ ээж нь маш их баярлалаа. Энгэрт минь ийм гоё хайраа надад өгсөнд баярлалаа. Би ер нь жирэмсэн байхаасаа Төрийн ордонд орох юмсан гэж мөрөөддөг байсан. Түүнээс гадна манай ээж маш их баярласан. Ээж өглөө над руу мессеж бичсэн. “Ээжийнхээ үзээгүйг үзэх гэж, зүүгээгүйг зүүх гэж байгаа охиндоо баярлалаа. Хайртай шүү” гээд ээж маань маш их баярласан. Охин нь ээждээ хайртай шүү. Эмээдээ бас баярлалаа гэж хэлье.”

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕСДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН С.ДАВААСҮРЭН:

“…Төр засгаас олон хүүхэд төрүүлж өсгөснийг минь өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна. Ээжүүд бид нарт энэ бол маш том урам, хайр энэрэл гэж боддог. Дөрвөн хүүхэд ч бай, дөрвөөс дээш ч бай, хүүхэд гаргана гэдэг бол эмэгтэй хүний хувьд маш том аз жаргал. Би өмнө нь Төрийн ордонд орж үзээгүй. Энэ жил одонтой ээжүүдийг бүгдийг нь ордонд оруулаад, Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулан өгч байгаа нь маш талархууштай байна.”

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Э.ОЮУН-ЭРДЭНЭ:

“…Энэ жил зургаан хүүхэдтэй, Алдарт эхийн Нэгдүгээр одонг авч байна. Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19”-ийн үед энэ олон сайхан ээжүүдийг хүндэтгэж, Төрийн ордонд урин залж, гардуулж байгаа Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зургадугаар сарын нэгэнд одон өгөх гэж байгаад хойшилсон. Энэ жилдээ ч худлаа байх гэж бодож байсан л даа. Одонгоо Ерөнхийлөгчөөсөө гардан авна уу гэхэд нь анх сонсоод итгээгүй. Маш гоё санагдсан. Ямар ч байсан сайн аав, сайхан хань, ижлийн үүргийг гүйцэтгэж чадаж байгаа ханьдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол чи бид хоёрын шагнал шүү гэж хэлье дээ.”

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НАЙМДУГААР ХОРООНЫ ИРГЭН Ж.МӨНГӨНТУЯА:

“…Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж, баяр хүргээд, Төрийн ордноос одонгоо авахаар болсон тухай хэлэхэд би маш их баярлаж, манай гэр бүл сайхан хүлээж авсан. Энэ олон эхчүүдийн ажлыг өндрөөр үнэлж, урам зориг өгч, итгэл найдвар төрүүлж байна. Сайн ээж байна гэдэг нь маш хариуцлагатай ажил л даа. Энэ өдөр ээждээ бас баяр хүргэе гэж бодож байна. Би ээж шигээ сайн ээж больё гэж мөрөөдөж, дуурайж явдаг. Дөрвөн хүүхэд төрүүлж, Хоёрдугаар зэргийн одонгоо өнөөдөр авлаа. Энэ дөрвөн хүүхэд бол манай гэр бүлийн ирээдүйн хөрөнгө оруулалт гэж эгч нь боддог. Хариуцлагатай, эх орондоо ихийг бүтээсэн, ээж аавдаа ачлалтай, зорилго, мөрөөдөл, тэмүүлэл өндөртэй, дэлхийд нэрээ дуурсгасан сайхан хүүхдүүд болоосой гэж бодож явдаг. Хүүхдүүдээ өндөр зорилго, мөрөөдөлтэй байхад нь тусалж дэмжиж амьдарч байна. Та бүхэнд маш их баярлалаа. Монголын үрс маш олон болтугай. Маш олон ээжүүд маань аз жаргалтай байгаасай. Хүүхэд бүхэн аав ээжтэйгээ аз жаргалтай, эрүүл энх, баяр баясгалантайгаар хүүхэд насаа өнгөрөөж, нийгэмдээ ихийг бүтээсэн зорилготой хүмүүс болоосой гэж бас хүсэж явдаг аа.”

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Б.ТУУЛ:

“…Маш их баяртай байна. Төрийн ордноосоо Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө Төрийн тэргүүнээсээ гэр бүлийн бахархал болсон энэ одонгоо гардаж авсандаа маш их баяртай байна аа. Би хоёр хүү, хоёр охинтой. Хоёр том нь хүү, хоёр бага нь охин. Хүү хүүхдээс маш их түшиг мэдрэгддэг. Харин охин хүүхдээс хайр, аз жаргал мэдрэгддэг. Өмнөх ээжүүд, эмээ нараар маш их бахархдаг. Яагаад гэвэл бид нар шиг дөрөв, зургаа биш, найм, ес, арван хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн. Тэр хүмүүс маш сайн, амжилттай яваад нь маш их бахархдаг. Үлгэр дуурайл болсонд нь баярлалаа гэж хэлье.”

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОЛДУГААР ХОРООНЫ ИРГЭН Г.ОЮУН-ЭРДЭНЭ:

“…Алдарт эхийн одонгоо Төрийн ордноос авах юмсан л гэж бодож байсан. Над руу ярихад нь маш их баярлаж хүлээж авсан. Дөрвөн сайхан хүүхэдтэй, өдөр бүр л аз жаргалтай байдаг. Ер нь монголын маань бүх үрс одоогийн байгаа нийгмээсээ илүү сайхан нийгэмд, илүү аюулгүй орчинд амьдраасай гэж бодож байна. Зөвхөн миний дөрвөн хүүхэд гэлтгүй, монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай гэж хүсдэг дээ.”

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close