БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь Энэтхэг Улсыг манай улсын “Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш хэмээн онцлоод Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг тодотгосон юм.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Энэтхэг, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг дурдаад хоёр орны Засгийн газар хоорондын бүхий л чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах салбарын гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлээд, цаашид батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам үр өгөөжтэй, өргөн цар хүрээнд хөгжүүлэх талаар санал нэгдсэн юм.