Сонгууль 2020Шинэ мэдээ
Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд товлогдсон. Тиймээс иргэдийн шилжих хөдөлгөөнийн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал зогсоох шийдвэрийг УБЕГ-аас гаргажээ.
Учир нь санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох хуулийн заалт бий. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн,
- 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж,
- 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана”
гэж заасан. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нь Ням гараг тул иргэд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу Баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.
Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс